-Миний тархи руу хааяа гэнэт юмаар татаад авах шиг болж, хөдөлж чадахгүй болдог. Эмчид үзүүлтэл тархины цусан хангамжийн дутагдал гэж оношилсон. Энэ ямар өвчин юм бэ. Аюултай юу?
Чингэлтэй дүүргийн иргэн Р.Мөнхтуяа
-Тархины аль нэг хэсэгт цусан хангамж түр зуур дутагдахад харвалттай ижил шинж тэмдэг илэрч, хэсэг хугацааны дараа арилдаг. Ийм үед олонх хүн хэдэн минутын дараа зүгээр болдог байхад зарим нь хэдэн цагийн дараа хэвийн байдалдаа шилжинэ. Энэ эмгэгийг тархинд түр зуур цусан хангамж дутагдах гэнэ. Ийм шинж тэмдэг илэрч байгаа бол ойрын үед тархинд чинь харвалт үүсэж магадгүй шүү гэж таны бие эрхтэн том бөгөөд тод анхааруулах дохио өгч байгаа хэрэг юм. Тиймээс ноцтой өвчин үүсэхээс өмнө хурдан эмчлүүлэх шаардлагатай.
Хүмүүст тохиолддог нийт харвалтын 85 хувь нь артерийн судас бөглөрч, тархины аль нэг хэсэгт цусан хангамж дутагдсанаас үүссэн байдаг. Хэрвээ цусан хангамж эргэж сэргэхгүй хэдэн цаг болж удвал тархины эд үхжинэ. Үүнийг шигдээс гэдэг. Үлдсэн 15 хувьд нь артерийн судас хагарсны улмаас тархины дотор болон гадаргууд цус алдах үед үүсдэг цус алдалтын харвалт тохиолддог.
Тархин дотор цус алдахыг субцеребраль геморраги, гадаргууд үүсэхийг субарахноид геморраги гэж нэрлэнэ. Яагаад харвалт үүсдэг вэ гэхээр тархины артерийн судсанд бүлэн үүссэнээс болдог. Артерийн судасны дотор хананд удаан хугацаанд холестерол хуримтлагдсаар судас нарийсгана. Тэр нарийссан хэсэгт цусны бүлэн очиж тээглэн бөглөдөг. Олонх өвчтөний зүрх, хүзүү, цээжний артерийн том судсанд бүлэн үүснэ. Тэр нь судсаар чөлөөтэй урсаж явсаар тархинд очиж бөглөх нь түгээмэл.
Харвахаас сэргийлэхийн тулд эмчид байнга үзүүлж, шаардлагатай эмчилгээг заавал төгс хийлгэж, цусны даралт, сахар, холестролын хэмжээгээ хянуулж байх шаардлагатай. Өөх тостой хоол, архи, тамхинаас татгалзаж, биеийн жингээ нэмэхгүй байхыг зөвлөе.
“Очирт Д” эмнэлгийн эмч Г.Өлзийням