-Миний цэцэгнүүдийн навчин дор маш жижигхэн шүүслэг ногоон зүйлс бий болоод байна. Энэ юу юм бол оо?
Хан-Уул дүүргийн иргэн Г.Оюунтуяа
-Энэ бол ургамлын хортон шавьжны нэг. Тасалгааны ургамал ч гэсэн хорхой шавьжинд баригдаж, бөөстдөг. Цэцгийг хэт хуурай, халуун орчинд байлгавал хортон шавьж амархан үрждэг. Навч энд тэндээ цоохортох, янз бүрийн толбо үүсэх, цэцэгний ойр орчимд жижигхэн ялаа шавьж нисэх нь тухайн ургамал хортон шавьжинд баригдаж байгаагийн шинж юм.
Гэрийн нөхцөлд халуун чинжүү, эсвэл сармис, сонгины уусмалаар навч, иш, хөрсийг нь шүршиж, шавьжийг устгах боломжтой. 10 хоногт нэг удаа ингэж шүршинэ. Цэцгийн дэлгүүрт хортон шавьжны тусгай хор ч бий. Түүнийг зааврын дагуу найруулж, хэрэглэх ёстой. Ихэнх ургамлын цэцэг рүү хор цацах хориотой. Мөн зарим хүн цэцэгний хатаж хорчийсон навч, унасан цэцгийг бордоо болно гээд түүж хаядаггүй.
Хатсан, үхсэн навч, цэцэг, ишийг түүж хаяхгүй байлгавал тэр нь хортон шавьж үржих таатай нөхцөл болдог. Тиймээс цэцгийнхээ үхсэн хэсгийг байнга таслан хаяж, хөрсийг нь цэвэрлэж байхыг зөвлөе. Үүнээс гадна шарласан навч, ишийг дор дор нь таслан хаяж байхгүй бол тухайн цэцэг хамаг бордоо, шим шүүсээ шарласан навч, ишиндээ өгч, түүнийгээ сэргээх гэсээр байгаад үхдэг юм шүү.
Агрономич Х.Гэрэл