Америкийн Нэгдсэн Улсад аж төрдөг монголчууд гуравдугаар сарын дөрвөнд Чикаго хотноо миссийн тэмцээнээ зохион байгуулах гэж байгаа тухай шинэхэн мэдээг та бүхэнд хүргэж байна. Харьд суугаа монголчуудын хувьд энэ нь анхдагч бололтой. Ямартай ч тэд тэргүүн байр эзэлсэн бүсгүйгээ АНУ-д зохиогддог Азийн мисс шалгаруулах тэмцээнд оруулж мөнгөн шагналаар мялаах юм байна.
Уг тэмцээнийг "Хулангоо" хэмээх төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий шүүгчээр МУГЖ Н.Батцэцэг ажиллахыг www.missmongoliausa.com сайт мэдээлжээ. "Монголжин" студийн захирал Н.Батцэцэгийг хэзээний шаардлага өндөртэй гэдэг. Иймд тэмцээн зохих түвшинд явагдах бизээ. Тэгээд ч дэлгэцийн сайхан эмэгтэйгээр шүүлгэж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд УГЗ Сангидоржийн хүү Сансаргэрэлтэх орж байгаа бөгөөд түүний эгч С.Саянцэцэг сайн төгөлдөр хуурч, С.Ихэрцэцэг,С.Ижилцэцэг хэмээх модел дүү нартайг нь уншигчид андахгүй биз ээ. Уг тэмцээн цаашид хэрхэн өрнөж, ямар үр дүнд хүрснийг бид уншигчиддаа мэдээлэх болно.