Монгол ардын намын 90 жилийн ойд зориулан энэ сарын 27-нд “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадам зохион байгуулахаар болжээ. Яруу найрагчид энэ наадамд оролцохын тулд эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгээ зохион байгуулагчдад илгээх учиртай юм.
Бүртгэл энэ сарын 24-нийг дуустал үргэлжлэх ба бүтээлээ ирүүлсэн найрагчдаас 25-ыг сонгон Соёлын төв өргөөнд болох наадмын хоёрын даваанд оролцуулах аж. 10 сая төгрөгийн шагналын сантай “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадамд ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, “Болор цом”-ын эздийг урилгаар оролцуулж, дурсгалын зүйл гардуулах юм билээ.
Наадмыг Монгол ардын нам, “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбоо, Монголын зохиолчдын эвлэл, Монголын чөлөөт зохиолчдын холбоо, МҮОНРТ хамтран зохион байгуулж байгаа аж.
Ж.Сэлэнгэ