Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Тусгай хамгаалалтай газар нутгийн захиргаа, Цагааннуур сумын цаатан иргэдтэй хамтарч уламжлал болгон зохиодог “Цаатан” фестиваль энэ оны долдугаар сарын 6-7-нд Хатгал тосгонд болно. Цаатан үндэстний аж амьдрал, ёс заншлыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлах зорилготой тус арга хэмжээнд бөө мөргөл, цаан поло зэрэг олон үзүүлбэр, тэмцээн зохион байгуулах юм.
Өнгөрсөн 2010 онд болсон фестивальд таван орны бөө нар хүрэлцэн ирж, Монгол, Тувагийн цаатнууд 1300 гаруй цаатай оролцсон байна. Хөвсгөлчүүдийн 10 дахь жилдээ тэмдэглэх эл баярыг энэ жил АНУ-ын “W.MMI” нэртэй уул уурхайн компани хамтран зохион байгуулах гэж буйгаараа онцлог гэнэ.
Энэ талаар “Мон трэвил” аялал жуулчлалын компанийн захирал П.ЭрдэнэУулаас тодруулахад “Цаатнуудын аж амьдралыг сонирхохоор ирж буй гадаадын жуулчид жилээс жилд олширч байгаа. Тиймээс энэ баярыг цаашид олон улсын хэмжээнд тэмдэглэдэг болгохоор зорьж байна” гэв.
Б.Дэлгэрхишиг