Найруулагч, зураглаач С.Бямбын “Хүсэл, шунал” кино өнгөрсөн жил Солонгосын Пусан хотноо болсон олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийсэн билээ. Дэлгэцнээ гарсан даруйдаа Тайванийн Олон улсын кино наадмаас “Азийн хараа” гран при шагнал хүртсэн энэхүү бүтээл ирэх долоо хоногт “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарах гэнэ. С.Бямба 1999 онд “Гоо марал” кино наадмын тайзнаас анхны шагналаа авч байлаа. Энэ бол С.Бямба, Питер Бросенс нарын хамтран бүтээсэн “Монголын яруу найраг” кинонд өгсөн монголчуудын үнэлгээ юм.
Олон улсын кино наадамд олон удаа оролцсон С.Бямбыг гадаадын сонин, сайтуудад “Азийн авьяастан” хэмээн тодотгон бичдэг. Тэрбээр Питер Бросенс, Жессика Вүүдуорт нарын “Хадаг”, Томас Блэймсийн “Нялхас” кинонд зураглаачаар ажиллаж байсныг хэлэхэд илүүдэхгүй байх. Сонирхуулахад 1936 онд “Монгол хүү” кино Америкийн кино академийн тодруулсан “Гадаадын 10 шилдэг кино”- ны тоонд багтаж байжээ.
Яг энэ үед монгол киноны нэр хүнд маш өндөрт гарсан боловч Монголын кино урлаг Америкийн кино академитай холбогдсон энэ киноны тухай Монголын ард түмэн сайн мэдээгүй юм. Дараа нь 2004 онд Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” кино Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолд гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд Оскарын шагналын төлөө өрсөлдсөн нь бас үнэмлэхгүй амжилт байв. Харин одоо зураглаач С.Бямбын бүтээлүүд дээрх хоёр киноны амжилтад дүйж очоод байгаад талархууштай.
Т.Нипонь