Лэди Гагагийн “Born this way” дуу гарсан даруйдаа 448 мянган хувь зарагдаж, 78.5 сая хүн сонссон үзүүлэлтээр Биллбордын шилдэг дууны жагсаалтыг тэргүүллээ. Давхар ялалт. Тэр 1000 дахь долоо хоногийн тэргүүлэгч болсон нь уг жагсаалтыг гаргаснаас хойших 52 жилийн түүхийн содон амжилт болов.
Түүнчлэн дуу нь анх гарсан даруйдаа Биллбордын нэгдүгээрт бичигдсэн 19 дэх тохиолдол болсон бол уг жагсаалтыг тэргүүлсэн Лэди Гагагийн гурав дахь (Өмнө нь “Just dance”, “Poker face”) уран бүтээл юм. “Биллбордын 1000 дахь долоо хоногийн тэргүүлч... Бурхан минь, энэ бол дуучны минь замнал дахь хамгийн үнэтэй алдар нэр гэдгийг хэлэхгүй бол би мангар нэгэн болох байх” гэж дуучин Лэди Гага “Биллборд” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Сонирхуулахад 1000 дахь удаагийн шилдэг дууны жагсаалтыг хамгийн олон тэргүүлсэн уран бүтээлчээр Битлз (20), Мэрайя Кэри 18, Майкл Жексон (13) нар тодорсон байна.
Ж.ТЭГШЭЭ