“Цахилгаан тээвэр” компанийнхан автобус, троллейбусаар зорчигчдод олгодог тасалбараа энэ сарын 21-нээс эхлэн хонжвортой болгожээ. Өөрөөр хэлбэл, зорчигчдын 200-300 төгрөгөөр худалдан авсан тасалбар хонжвортой болсноор хотын хог бага боловч багасна хэмээн үзэж буй юм байна. үнэ цэнэтэй болсон нь энэ. Тус компанийн автобус, троллейбусанд суухдаа авсан тасалбараа хадгалснаар сар бүрийн 28-нд азаа үзэх боломжтой болох гэнэ.
Азтандаа угаалгын машин, зурагт, гар утас, ус буцалгагч тус бүр хоёр, будаа агшаагч, индүү, хийн зуух тус бүр зургаа, “Тэнгис” кино театрт кино үзэх эрхийн бичиг 30, таван хүнд “Мобиком”-ын 5000 төгрөгийн нэгж олгох гэнэ. Цахилгаан тээвэр компанийнхан сар бүр азтан тодруулах бөгөөд азтай зорчигчдын нэрсийг “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” сонинд нийтлэхээс гадна тохирлыг “ТВ-8” телевизээр шууд дамжуулах аж.
Тиймээс автобус, троллейбусаар зорчсон тасалбараа энд тэндгүй хаяж, хог болгохын оронд өөртөө хадгалж сар бүр азаа үзэхийг тус компанийнхан уриалж байна.
Г.ЦОЛМОН