Бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орж, хамтлагийнхан бүгдээрээ соёлын тэргүүний ажилтан болсон гээд “Гайз”-ынхнаар сонин ихтэй гэнэ. Энэ талаар тодруулахаар хамтлагийн ахлагч Х.БатУндралтай цахим сүлжээгээр холбогдлоо.
-Юуны өмнө соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулсанд тань баяр хүргэе. Танай хамтлагийнхан хэсэг завсарласны дараа хоёр нь л үргэлжлүүлж уран бүтээл хийхээр болсон гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ.
-Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Хоёулаа үлдсэн учир л хоёулаа уран бүтээл хийж байна даа.
-Дөрвөн хүн дуулдаг байсан дууг хоёулаа дуулсан болохоор энэ өөрчлөлт БНСУ-д хийсэн тоглолтод нөлөөлсөн үү?
-Ямар ч нөлөө байгаагүй. Цагаан сарын үеэр БНСУ-д ажиллаж, сурч байгаа монголчуудтайгаа хамт баярлаад, тэдэндээ зориулж тоглолт хийж, 1997-2008 хүртэл хийсэн бүхий л хит дуугаа дуулсан. Энэ үеэр л “Гайз” гэдэг хамтлагийг сонсогчид хүнийх нь тоогоор биш хийсэн уран бүтээлээр нь үнэлж, дүгнэдгийг ойлголоо. Хоёулаа байсан ч үзэгчид тоглолтыг маань баяр хөөртэй, нулимстай хүлээж авсан.
-Уран бүтээлийн сониноосоо дуулгаач.
-Шинэ дуунууд хийж байна. Бас тун удахгүй телевизийн шинэ нэвтрүүлэг цацахаар бэлтгэл ажилдаа орсон.
-Цомог гаргах төлөвлөгөө бий юү?
-Ирэх онд манай хамтлагийн 15 жилийн ой болно. Тиймээс тэр үеэр гурван ч цомгоор сонсогчдодоо бэлэг барихаар төлөвлөж байна. Мэдээж бас тоглолт хийнэ.
О.УНДАРМАА