Манай төгөлдөр хуурчид олон улсын уралдаан, тэмцээнд оролцож л ур чадвараа гайхуулдаг байсан бол энэ жил анх удаа эх орондоо Олон улсын уралдаан зохион байгуулж, мэргэжил нэгт андуудаа урин залаад байгаа билээ. “Урбанек” ХХК, Хөгжим бүжгийн коллежтой хамтран зохион байгуулж буй “Ф.Шопен ба XXI зууны Монгол” уралдааны нээлт даваа гаригт болж мягмар, лхагва гаригт ахлах насны ангиллын нэгдүгээр шатны уралдаан өндөрлөлөө.
Энэ ангиллын нэгдүгээр шатанд ОХУ, БНАСАУ, Итали, Монгол Улсыг төлөөлсөн 25 төгөлдөр хуурч оролцсоноос Э.Энхжин, Н.Ичин, А.ЭнхАмгалан, Разумцева Ирина, С.Одгэрэл, Н.Ганчимэг, Г.Оюун-Эрдэнэ, Э.Намуун, Б.Бат-Эрдэнэ, Марко Пуйссо, Б.Золзаяа нар дараагийн шатанд шалгарчээ.
Төгөлдөр хуурчид эхний удаа Ф.Шопений этюд, ноктюрнээр өрсөлдсөн бол хоёрдугаар шатанд Польшийн суут хөгжмийн зохиолчийн полонез, баллада, вариаци, мазурка, вальс, полонезоос сонгон тоглох учиртай.
Ж.СЭЛЭНГЭ