“Саран хөхөөний намтар”, “32 модон хүний үлгэр”-ийн монгол бичгээр бичсэн хувилбар, В.Янгийн 1950 онд хэвлэгдсэн “Чингис хаан” ном, Х.Пэрлээгийн “Тайхар чулуу”, Ишдоржийн “Төвд-Монгол толь бичиг”, “Монгол домгийн харьцуулсан судлал” зэрэг 80 орчим ховор, хуучны ном эзнээ хүлээн хэвтэнэ. Гэсэн ч тэдгээрийг сонирхсон хүн арав хүрэхтэй үгүйтэй байсан нь харамсалтай.
Монгол Улсад улс төрийн нам үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэн өнгөрсөн бямба гаригт Үндэсний төв номын санд болсон бөгөөд энэ үеэр ховор бүтээлийн дуудлага худалдаа зохион байгуулсан нь энэ юм. Цаг мөч өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгдсээр буй уран зохиол, зан заншил, тайлбар толь, түүхийн төрлийн номуудыг хувиараа ном худалдагч, цуглуулагч нар уг дуудлага худалдаанд оруулсан юм. Номуудыг дунджаар 5000-20.000 төгрөгөөс эхэлсэн ч үнэ хаялцан, өрсөлдөж авах хүн цөөхөн байснаас дуудсан үнээрээ худалдагдаж байв.
Туульч М.Парчингийн бүх туулийг тэмдэглэж, хэвлүүлсэн нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын уран зохиол, зан заншил, түүхийн гурван боть ном тус бүр 50.000, бүхэлдээ 150.000 төгрөгнөөс дуудагдсан нь энэхүү дуудлага худалдааны хамгийн үнэтэй бүтээл байсан ч эзнээ олсонгүй. Тэгвэл хамгийн эртнийх нь 1935 онд хэвлэсэн “Монгол ардын намын дүрэм”.
Дуудлага худалдааны үеэр 10 орчим ном зарагдсаны хамгийн өндөр үнэтэй нь “Сумати Радна” төвд хэлний толь бичиг юм. 50.000 төгрөгнөөс дуудагдсан тэрхүү номыг цуглуулагч Н.Нямсамбуу авсан. Түүнчлэн “Саран хөхөөний намтар”-ыг ном цуглуулагч Л.Баттулга 15000-аас дуудан 15100 төгрөгөөр авлаа. Тэрбээр “Хуучны ховор ном саяхнаас цуглуулж эхэлсэн. “Судрын чуулган”, “Оюунтүлхүүр”, “Зуун билэг оршвой” зэрэг номыг одоо хайж байгаа” хэмээв.
Ховор номын дуудлага худалдаа хүн цөөтэй, хоосон болж өнгөрсөн хэдий ч цөөн хүн хэрэгтэй номоо авч чадсан нь олзуурхууштайг зохион байгуулагчдын зүгээс хэлсэн юм.
Б.Эгшиг