“Гэгээн Муза 2010” наадам уламжлал ёсоор Олон улсын Театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл өчигдөрхөн тус наадмын комисс хуралдаж нэр дэвшигчдээ тодруулжээ. Найм дахь жилдээ зохиогдож буй “Гэгээн Муза” наадамд драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван төрлөөр нийт 55 уран бүтээлчид өрсөлдөх гэнэ.
Жил ирэх бүр хүрээгээ тэлж буй энэ наадамд Улсын драмын эрдмийн театраас гадна Архангай, Дундговь, Сүхбаатар, Завхан болон Төв аймгийн Хөгжимт драмын театрууд оролцож байгаа аж. Сонирхуулахад драмын болон дуулалт жүжгийн төрөлд “Хунгийн дуу”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Солиотой жүжиг”, “Юу хүсч байгаа мэдэх үү?”, “Цагаан гарьдын цадиг”, “Жаахан шарга”, “Учиртай гурван толгой”, “Хязгааргүй” зэрэг бүтээлүүд нэр дэвшсэн бол хүүхдийн жүжгийн төрөлд Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээсэн “Амьдрал томъёо” жүжиг, Төв аймгийн Хөгжимт драмын театрын “Миний чин зоригт бяцхан найз” бүтээл тус тус өрсөлдөхөөр болжээ.
Т.Нипонь