Монгол Улсад циркийн урлаг үүсэж, хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойг тохиолдуулан “Кон арт” төвөөс санаачлан, Монгол циркийн 70 жилийн ойг тэмдэглэх комисстой хамтран “Монгол алиалагч 2011” хоёрдугаар наадам болон, Мэргэжлийн залуу жүжигчдийн уралдааныг зохион байгуулахаар болжээ.
35-аас доош насны циркийн мэргэжлийн жүжигчдийг оролцуулдаг энэ наадам 19 жилийн өмнө зохион байгуулагдаж байсан аж. Уралдааны бүртгэл хэдийнэ эхэлсэн ба уран бүтээлчдийн нэгдсэн бэлтгэл гуравдугаар сарын дундаас эхлэх юм байна.
Алиалагч болон жүжигчдийн ур чадварыг сорих уралдаан гуравдугаар сарын 30, 31, дөрөвдүгээр сарын 1-нд үргэлжилж, дөрөвдүгээр сарын 2,3-нд нэгдсэн тоглолт болох аж. “Монгол алилагч” наадмын шилдгүүдэд алт, мөнгөн “Клоун” цом гардуулах бол шилдэг жүжигчин, хамтлагийг алт, мөнгө, хүрэл “Цирк” цомоор шагнаж, мөнгөн шагналаар урамшуулах юм билээ.
Ж.СЭЛЭНГЭ