“Оскар”-ын улаан хивсний ёслол шагнал гардуулах үйл ажиллагаанаас ч сонирхол татдаг нь нууц биш. Хэн юу өмсөж вэ гэдэгт “шуналтай” папарациуд хальсаа гамнахгүй анхаарал хандуулдагт ч бид дасчихаж.
Энэ жилийн улаан хивсэн дээр улаан өнгө голлож байсан нь сонирхолтой. Сандра Баллок, Жэнифер Хадсон, Пенелопе Круз нар хамгийн “тод улаан”-ууд байв.
Давхар биетэй Натали Портман, 14 настай Хайлий Стэйнфилд хоёр улаан хивсний үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд багтсанд гаднын хэвлэлүүд гол анхаарлаа хандуулж байна.
Гэвч загварын мэргэжилтнүүдийн сонголтод Холливудын шинэ үеийн төлөөлөл Мила Кунис, Эми Адамс нар торов.

