“Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэгийг шохоорхдог эр олон ч хэдэр ааштай, хамраа сөхсөн продюссер Б.Ангирмаагаас нь халгаад ойртож зүрхэлдэггүй. Халуухан бүсгүйчүүд толгойд нь байнга мөнгө бодогдсон хатуухан шаардлагатай продюссерийнхээ нүдийг хариулж байгаад хайр сэтгэлийнхээ асуудлыг сэмхэн шийдчихдэг. УИХ-ын гишүүн асан, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхантай П.Алтанцэцэг сүүлийн үед нэр холбогдоод байгаа.
Тэдний харилцаа эртнээс эхэлсэн ч олон жил хэнд ч мэдэгдэлгүй нууцалж чадсан гэдэг. Дуучин бүсгүйн амьдрал нэг үеэ бодвол анзаарагдахаар эрс сайжирсныг рок попын хүүхнүүд хоорондоо ам өрсөн жиг жуг ярилцах болжээ. “Ямар ч халуун хайр, сайхан залуугаар хамтлагаа солихгүй” хэмээн хэлж, экс гишүүн Халиуны эгдүүг хүргээд авсан удаатай. Хотын гудамжаар 70 мянган долларын үнэтэй гоёмсог япон автомашин хөлөглөн сүнгэнэх болсон тэрбээр болзоонд урьсан залуусын бэл бэнчин, гэр бүлийн амьдралыг нь чамгүй сайн судалдаг аж.
Өнгөрсөн намраас бэлтэй, сүйхээтэй баяуудын хороололд амьдрах болсон энэ бүсгүй хэр баргийн зүйл санаанд нь таардаггүй, шүүмжлэх дуртай, ширүүн үгтэй, хижээл, егзөр амрагийнхаа хатуу занг уян зөөлөн, наалинхай аашаараа аргадаж, ая эвийг нь олж байгаад үнэтэй, өвөрмөц загвартай тавилгаар гэрээ тохижуулж амжжээ. Түүнийг сэргэлэн зан, гоо үзэсгэлэнгийнхээ ачаар өдгөө гэр бүлийнхнээ хүртэл өөд татах чадвартай болсон гэлцэх юм билээ.
Хачирхалтай нь хожуу учирсан дурлалт хосын харилцааг экс гишүүний гэр бүл мэддэг ч нэр хүндийг нь бодоод нүдэн балай, чихэн дүлий байдаг гэнэ лээ.