“Сэтгэл зүрхээ хөгжимд шингээн, төгөлдөр хуураар мэдрэмжээ илэрхийл” хэмээн Ф.Шопен нэгэнтээ хэлсэн байдаг. Тэгвэл Монголын төгөлдөр хуурч хүүхдүүд Польшийн суу билэгт хөгжмийн зохиолчийн нэрэмжит “Ф.Шопен ба XXI зууны монголчууд” олон улсын мэргэжлийн төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаанд оролцож, төгөлдөр хуурын даруул дор сэтгэл мэдрэмжээ хөглөлөө.
Монгол, БНСУ, БНАСАУ, Орос, Итали, Франц зэрэг орны 40 орчим төгөлдөр хуурч оролцсон уг тэмцээний гала тоглолт өнгөрсөн мягмар гаригт болж өндөрлөсөн юм. Тэмцээний “А” ангилалд Италийн хөгжмийн дээд сургуулийн оюутан Б.Бат-Эрдэнэ тэргүүлсэн бол хоёрдугаар байрын шагналыг тус улсаас оролцогч Марко Пуйсса авсан. “Өмнө нь хэд хэдэн тэмцээнд оролцож байсан ч Монголд болж буй уг уралдаан олон улсын төгөлдөр хуурчдыг хамруулж, төр засгийн хүрээнд ч анхаарснаараа миний хувьд хамгийн онцгой нь.
Монгол хүүхдүүд тун авьяаслаг юм. Хүчтэй өрсөлдөгчид байлаа” хэмээн Марко ярьсан юм. Тэмцээний шилдэг оролцогч, ХБК-ийн нэгдүгээр курсын оюутан Н.Ичинг Польш дахь Ф.Шопений нэрэмжит академид төрийн сангийн зардлаар сурах эрхийн бичгээр шагнасан бөгөөд тэрбээр “Юуны түрүүнд Г.Ганчимэг багшдаа хязгааргүй их баярлаж буйгаа илэрхийлье. Энэхүү тэмцээн надад маш том боломж нээж өглөө.
Цаашид хамгийн шилдэг нь байхын төлөө хичээх болно” хэмээлээ. “Ф.Шопен ба XXI зууны монголчууд” уралдааныг дэмжигч БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр “Энэхүү уралдаан амжилттай болж, зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Ф.Шопений нэрэмжит уралдааныг цаашид уламжлал болгон, хамрах хүрээг илүү өргөжүүлбэл улам амжилттай болох байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Амжилттай зохиогдсон анхдугаар уралдааны бариа дараа жилүүдийнхээ сайн гараа болох биз ээ.
Б.ЭГШИГ