Монголын киночдын “тайлан” болсон “Улаанбаатар” кино наадам ДБЭТ-т болж өнгөрлөө. Дөрөв дэх удаагаа зохиосон уг наадам улаан хивсний ёслолоор эхэлж, гурван цаг үргэлжилсэн. Академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаанд 34 киноны уран бүтээлчид цугларсан бөгөөд 19 нь “Хангарьд” цомыг атган харьсан юм.
Харин үзэгчид нэлээд сэтгэл дундуур байсан бөгөөд зохион байгуулалтын муугаас болж “ялагчид” маань алга ташилтын сулхан дуу, эсэргүүцлийн хашгиралдаан болон тохуутай инээдээр тайзнаас “үдүүлж” байсан юм. Наадмын үеэр “Би чамд хайртай 2” киноны гол дүрийг бүтээсэн Ч.Ундрал “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзэн болсон нь хачирхалтай байлаа. Монголын киночид иймэрхүү байдалтайгаар шилдгийн шилдгийг биш “будлиантай цом”-ын эздийг тодруулсан юм.
Наадмын төгсгөлд урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт нэрт зураглаач О.Уртнасанг Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хүнээр тодруулж, Монголын кино урлагт олон жил хүч хөдөлмөрөө зориулж яваа М.Дамба гуайг Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасан нь үзэгчдийг баярлуулж, энэ наадмыг “аварсан юм”. Ямартай ч “Хангарьд” цомын эзэн болсон уран бүтээлчид болон уг ёслолын ажиллагааны өнгө төрхийг манай зурагчин Э.Харцагын дурангаар тольдоорой.





ШИЛДЭГ КИНО: “Зөрлөг”
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ДҮР: “Миний муу аав” киноны дүрээр жүжигчин С.Лхагвасүрэн
ШИЛДЭГ ТУСЛАХ ЭРЭГТЭЙ ДҮР: “Зөрлөг” кинонд тоглосон жүжигчин С.Баттулга
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДҮР: “Орхидос” - жүжигчин А.Орхонтуул
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР: “Би чамд хайртай-2” - жүжигчин Ч.Ундрал
ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ: “Зөрлөг” киноны найруулагч Ч.Ганзориг
ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ: “Адам” киноны зураглаач н.Баяраа
ШИЛДЭГ ЗУРААЧ: “Үл таних эмэгтэй” киноны зураачаар
УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг
ШИЛДЭГ ХӨГЖИМ: “Орхидос” киноны хөгжмийн зохиолч Т.Сэр-Од
ШИЛДЭГ ДУУ: “Би чамд хайртай-2” киноны дуугаар дуучин Д.Болд
ШИЛДЭГ МОНТАЖ: “Татар ажиллагаа” - Ц.Мөнх-Очир
ШИЛДЭГ ДУУНЫ НАЙРУУЛАГЧ: “Орхидос” киноны дууны найруулагч С.Нэргүй
ШИЛДЭГ ЗОХИОЛ: “Зөрлөг” уран сайхны кино
ШИЛДЭГ ДҮРСНИЙ ЭФФЕКТ, ГРАФИК: “Татар ажиллагаа” киногоор Мөнх-Очир
ШИЛДЭГ НҮҮР БУДАЛТ: “МИ-15” киноны нүүр будагч М.Одончимэг
ШИЛДЭГ ДЕБЮТ: “Дэв” киногоор Б.Жаргалсайхан
ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ: “Nomads” сүлжээ рестораны захирал М.Есөн-Мөнх
(“Би чамд хайртай-2”)
ҮЗЭГЧДИЙН ТААШААЛ ХҮРСЭН ШИЛДЭГ КИНО: “Би чамд хайртай-2”
“Hero” энтертайнментийн найруулагч Б.Баатар
ШИЛДЭГ БАРИМТАТ КИНО: “Тайгын дууч” З.Батбилэг
Т.Үлэмж