
Улаанбаатарчууд сүүлийн гурав хоногт Сүхбаатарын талбай дахь хиймэл зүлгийг сонирхож, олноороо тэнд амарч, зугаалж өнжлөө. Төв талбайд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах ажлын хүрээнд хиймэл зүлэг дэвссэн нь ийнхүү олныг тийш нь зүглүүлэв. Ерөнхийлөгчийн ивээл доор, нийслэлийн ЗДТГ-ын санаачилгаар зохион байгуулах уг тэмцээн хөлбөмбөгийн спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхээсээ илүүтэй хотод ногоон байгууламж маш их хэрэгтэйг олон үггүйгээр ойлгууллаа. Бодит нөхцөл байдлыг илчилсэн асар хүчтэй “мессеж” болов. Утаа, тоосонд дарагдсан Улаанбаатарын 1.5 сая иргэнийг ийм байдалд хүртэл нь ногоон байгууламжаар “өлсгөсөн”-ийг эл үйл явдал илтгэн харуулж байна. Нийслэл иргэд амарч, зугаалах газаргүй, ногоон байгууламжгүй, “нүцгэн” гэдгийг, ер нь бидэнд юу хамгийн их хэрэгтэйг хотын удирдлага энэ үйл явдлаас эрхбиш ухаарч, цаашид ямар нэгэн шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатайг ойлгосон байх гэж найдъя.
Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг 35 206 га-гаар тогтоосон байдаг. Иргэд оршин суудаг энэ талбайд ногоон байгууламж, цэцэрлэг гээд хэлчихээр зүйл төдийлөн байхгүй гэхэд буруудахгүй. Том цэцэрлэгт хүрээлэн гээд нэрлэхээр гарын таван хуруунд ч хүрэхгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл, амралтын хүрээлэн гээд л дуусдаг. Дэлхий дахинд хотуудын цэцэрлэгжүүлэлтийн нөхцөл байдлыг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээр тодорхойлдог. Олон улсын энэ стандартаар бол саяас дээш хүн амтай хот, суурин газарт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дунджаар 24 ам метр байх ёстой. Гэтэл саяас олон оршин суугчтай манай Улаанбаатарт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ ердөө зургаан ам метр. Өөрөөр хэлбэл, олон улсын дунджаас дөрөв дахин бага байна.
Уг нь Хот байгуулалтын тухай хуульд ногоон байгууламж бий болгохтой холбоотой заалтууд бий. Тухайлбал, уг хуулийн 12.6.3-т “Төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэсэн заалт байдаг. Жишээ нь, орон сууцын хороолол барих бол 30-аас доошгүй хувьд нь ногоон байгууламж бий болгох ёстой. Гэтэл үүнийг огт хэрэгжүүлдэггүй бөгөөд ногоон байгууламж, авто зогсоол, цэцэрлэг, сургууль байтугай хүн алхах зайгүй шахам болтол шавааралдуулаад барьчихсан хороолол хотоор дүүрэн бий. Дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаагүй барилга, орон сууцыг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсаар байгаа.
Ийм харамсалтай нөхцөл байдлаа ядаж л бага багаар ч болов сайжруулах ёстой төр, засгийнхан, хотын удирдлага эсрэгээрээ, байгаа жаахан ногоон бүсээ устгаж, сөнөөхдөө гаргууд. Жишээ нь, ердөө хоёрхон жилийн өмнө төв талбайн урд байсан ногоон байгууламжийг устгаж, усан оргилуур нэртэй, цементэн нүх гаргачихсан. Ажиллуулахын тулд машин машинаар, тонн тонноор ус зөөх хэрэгтэй болдог тус байгууламж өдгөө ямар ч үүрэггүй хэрзийгээд л байж байна. Бас төв талбайдаа, өнөөх усан оргилуурынхаа хойно авто зогсоол байгуулчихсан байх жишээтэй. Түүнчлэн хотын төвд байдаг жаахан ногоон байгууламж болох Төрийн ордны хойд талын цэцэрлэгийг УИХ-ын гишүүд өөрсдийгөө хамгаалж хашаад, үүдэнд нь хамгаалагч зогсоочихсон. Иргэдийг тийш нэвтрүүлдэггүй. Үүнээс гадна орон сууцын хорооллуудын дундах сул талбайг зарж, барилга бариулахдаа сайн. Байгаа жаахан талбайгаа иргэд хамгаалаад ч аварч дийлдэггүй хотод бид амьдарч байна. Өдгөө аварч үлдэх шаардлагатай тун цөөхөн газрын нэг нь Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу олны нэрлэж заншсанаар Хүүхдийн парк болсныг олон нийт мэдэж буй. Хотын төвийн бүсэд байрладаг тус хүрээлэн эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгө ихтэй зарим хүний шуналын нүдэнд хэдийн өртсөн бөгөөд хэзээ мөдгүй шавар тагзаар дүүргэчихэж мэдэхээр байгааг анхааруулдаг иргэд ч бий.
Хотын суурьшлын бүсийн бараг тэн хагас буюу 16 500 га талбайг гэр хороолол эзэлдэг. Нийслэлийн хүн амын тал хувь нь тэнд оршин суудаг. Гэтэл ногоон байгууламж огт байдаггүй. Уг нь гэр хороолол дахь 1818.78 га талбайг цэцэрлэгжүүлэх боломжтой гэсэн тооцоо судалгаа байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжийнх бус, нийтийн эзэмшлийн ийм хэмжээний талбайд ногоон байгууламж бий болгох боломжтой аж. Харамсалтай нь, хотын үе үеийн удирдлага үүнд ер анхаарсангүй, дорвитой ажил ч хийсэнгүй. “Гэр хороололд ногоон байгууламж, цэцэрлэгүүд бий болгоно. Өрх бүр хашаандаа мод тарина” гэж өнгөрсөн онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн ЗДТГ-ынхан амлаж, зарим дүүрэг, хороонд сүртэй нээлт хийж байлаа. Гэсэн ч уг санаачилгын үр дүн гэхээр зүйл нүдэнд харагдсангүй.
Сул талбай бүхнийг барилгаар дүүргэсэн эрх баригчид бүх нийтээр мод тарих санаачилга гээчийг сүүлийн 12 жил ярилаа. Жил бүрийн хавар, намар энд тэнд мод тарьсан дүр үзүүлэв. Үүний хүрээнд өнгөрсөн хугацаанд 13.7 сая мод, бут суулгасан гэх албан мэдээлэл байдаг. Харин тэдгээрийн хэдэн хувь нь үр дүнтэй ургаад, хэчнээн нь үхчихэв гэхээр хэлэх үг албаныханд олддоггүй. Угтаа энэ хэмжээний мод тариад ургуулчихсан бол Улаанбаатар өдийд ийм гундуу дорой байх учиргүй.
Ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд бас л бүх нийтээр мод тарих ажиллагаагаа өрнүүлж, олон сая тарьц, суулгацыг газарт булна. Тодруулбал, Ерөнхийлөгч санаачлан НҮБ-ын индэр дээрээс зарласан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сая сая мод тарих сураг сонсогдож байна. Өмнө нь бол хэдэн зуу, мянган мод тарина гэдэг байсан бол Ерөнхийлөгчийн гэнэтийн амлалтыг биелүүлэхийн тулд өдгөө сая саяар нь тарихаас өөр аргагүйд хүрчээ.
Уг хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотод 2030 он хүртэл 120 сая мод тарих гэнэ. Бүх нийтээр мод тарих санаачилгын хүрээнд өнгөрсөн 10 гаруй жил 13.7 сая мод тарьсныг өмнө дурдсан. Тэгвэл ирэх найман жилд үүнээс бараг ес дахин олныг тарихаар төлөвлөөд байгаа хэрэг. Гэтэл энэ олон модыг хэрхэн тарьж, ургуулах зэрэг асуудалд дорвитой шийдэл алга. Ганц жишээ дурдахад, нийслэлийн хэмжээнд ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй 115 байгууллага байдаг аж. Эдгээрт тарьц, суулгацын 4.6 сая нөөц л бий гэнэ. Өөрөөр хэлбэл, тарихаар төлөвлөсөн модных нь 10 ч хүрэхгүй хувьтай тэнцэх дүн. Ийм нөөцөөр яаж хотоо ногооруулах, хэрхэн 120 саяд хүргэх, тэдгээр модоо яаж арчилж, хамгаалж, ургуулах талаар судалгаа тооцоо ч алга.
Ийм маягаар өчнөөн сая мод тарьсан нэр зүүгээд ч Улаанбаатар ногоороогүй. Тэгэхээр тэрбумыг тариад ч “нүцгэн” хэвээрээ үлдэх эрсдэлтэй байна. Үндсэндээ тоо хөөцөлдөх бус, харин ганц модыг ч чанартай тарих, нэг га талбайг ч болсон жинхэнэ утгаар нь зүлэгжүүлж, хамгаалах ажил л үгүйлэгдэж байгаа. Бас сул талбай бүрт барилга босгодгоо зогсооё. Орон сууцын хотхон, хорооллын нийт газрын 30 хувьд ногоон байгууламж бий болгох хуулийн заалтаа хэрэгжүүлье. Нийслэлийн иргэдэд цементэн “шугуй” бус, ногоон байгууламж, ая тухтай амарч зугаалах талбай л хэрэгтэй байна.
Бэлтгэсэн: М.ОЧ