Монголын тогооч нарын холбооноос зохион байгуулдаг Залуу аварга тогооч шалгаруулах III уралдаан маргааш “SS club”-т болно. Уг уралдаанд мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, 30 хүртэлх насны 40 орчим тогооч оролцохоор одоогийн байдлаар бүртгүүлээд байна. Бүртгэл өнөөдөр 14.00 цаг хүртэл үргэлжилнэ. Дэлхийн тогооч нарын өдөр болох уралдаанд оролцогчид европ хоол, ундаа хийн, ур чадвараа сорьж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болно.
Уралдааны өөр нэгэн зорилго нь ирэх жил Туркийн Истанбулд болох дэлхийн тогооч нарын аварга шалгаруулах уралдаан болон БНСУ-д зохион байгуулах олон улсын тогооч нарын 35 дугаар их хурлын үеэр болох уралдаанд оролцох залуу тогооч нарын баг бүрдүүлэхэд юм байна. Тиймээс энэхүү урал дааны ялагчид тус багт багтах аж. “Залуу тогооч нарыг шүүх багийг бүрдүүлэхдээ анхаарч, шавиа сойж байгаа хүнийг оруулахгүй. Ингэснээр шүүх ажилд ямар нэгэн маргаан гарахгүй, шударга болно” хэмээн Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч Ж.Октябрь ярилаа.
Ц.ЭРДЭНЭ