Британийн “Channel 4” телевиз эртний египетчүүдийн шарил занданшуулах аргын тухай баримтат нэвтрүүлэг хийхдээ нас бараад удаагүй байсан Алан хэмээх залуугийн цогцсыг ашиглажээ. “Аланыг занданшуулсан нь” нэвтрүүлэгт өөрийн цогцсыг ашиглаж болох тухай гэрээслэлийг нас барахаасаа өмнө бичсэн тэр хүн эдгэшгүй хүнд өвчтэй байсан аж. Тэрбээр Египетийн хаануудыг хэрхэн занданшуулж байсан талаар сонирхож, судалгаа хийдэг байсан гэнэ.
Талийгаачийг занданшуулахдаа эртний египетчүүдийн аргыг хэрэглэсэн аж. “The Daily Mail”-д бич сэнээр орчин цагийн эмч нарын хийсэн мумийг хэдэн сарын дараа шинжлэхэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байсан гэнэ. “Занданшуулах үйл явцыг бодитоор үзүүлж байгаа ийм нэвтрүүлгийг өмнө нь хаана ч хийж байгаагүй учраас бидний уран бүтээл сонирхол татахаас гадна эсэргүүцэлтэй тулгарч ч магад” хэмээн тус телевизийн хамт олон мэдээлжээ.
“Аланыг занданшуулсан нь” нэвтрүүлгийг ирэх даваа гаригт буюу энэ сарын 24-нд цацах юм байна. Дашрамд өгүүлэхэд, “Channel 4” шуугиан дэгдээсэн дуулиантай нэвтрүүлэг бэлтгэдгээрээ алдартай. Тэд 2002 онд Германы патанатомич Гюнтер фон Хагенс цогцост хэрхэн задлан шинжилгээ хийж байгаа тухай нэвтрүүлэг хийж, багагүй шуугиан дэгдээж байжээ.