“MN-25 дугаар суваг” телевизийн хамт олон 15 жилийн ойдоо зориулан санаачилсан “Making the band” шоу нэвтрүүлгийн хоёр дахь төсөл амжилттай хэрэгжиж байна. Охидын мөрөөдлийг биелүүлж, рок попын ертөнцөд хөтлөн оруулдаг уг шоуны шалгаруулалтад оролцсон 500 гаруй охиноос гурван шатны шалгуурыг давсан найм нь энэ төсөлд хамрагдаж байгаа. Өөр өөрийн өнгө төрх, стиль, имижтэй найман бүсгүйгээс бүрдсэн “Extacy” хамтлагийг “Pro sounds” студийн захирал дуучин Ж.Алтанцэцэг, хөгжмийн найруулагч Р.Рагу нар продюсерлож байгаа.

“Making the band-1” шоу хоёр сарын хугацаанд үргэлжилж, “Anemone” хамтлаг гурван дуу, хоёр клиптэйгээр нэвтрүүлгийг дуусгаж байсан бол энэ удаа “Extacy” хамтлаг гурван сарын хугацаанд дөрвөн дуу, гурван клип хийлгэх юм байна. Тэд “Чам руу” хэмээх анхны дуугаа клипжүүлж, өчигдөр үзэгчдэд хүргэлээ. Дуучин Ж.Алтанцэцэг “Бид энэ хамтлагийн уран бүтээлийн чиглэл, стилийг тодорхойлохын тулд судалгаа хийсэн. 20-30 насны залуус поп дэнс чиглэлийн хөгжим сонсох хүсэлтэй байдаг юм билээ.
Монголд ийм стилиэр уран бүтээл хийж байгаа анхны хамтлаг нь “Extacy”. Бидний гараа сайн байгаад баяртай байна” гэв. Хамтлагийн ахлагч Я.Байгальмаа “Бид өөртөө байгаа бүх авьяас чадал, эрч хүч бүхнээ бүрэн гаргаж, залуусын сонсох дуртай хамтлаг болохын тулд уйгагүй хөдөлмөрлөж, хичээж байгаа” гэлээ.
Х.УЯНГА