Өнгөрсөн зун манай соёл урлагийнхан тэр дундаа сонгодог урлагийн залуу халаа болсон хүүхэд, залуучууд олон улсын уралдаануудад гайхалтай сайхан амжилт гарган, Монголын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, ганзага дүүрэн ирсэн. ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, Ч.Энхтайван хоёр П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдааны хоёрдугаар болон тусгай байрт шалгарсан бол Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуур, морин хийл, хийлийн ангийн сурагчид Франц, Чех улсад болсон өсвөрийн хөгжимчдийн уралдаануудад цахиур хагалан тэргүүн, дэд байрыг эзэлсэн билээ.
Тэдний нэг Г.Чингүүнийг “Дебют” буландаа урилаа. ХБК-ийн 5а ангид сурдаг, 11 настай түүний хувьд морин хийл бол тайтгарал гэсэн. Хэтрүүлээд хэлчихэд хөгжимнөөсөө нэг их томгүй харагдах тэрбээр тайзан дээр гараад харин “аварга том хүн” болчихдог юм билээ. Ирээдүйн сайн хөгжимчнийг бойжуулж байгаа Ч.Дуламсүрэн багшид талархъя.
-Тайзан дээр байгаа Чингүүн, хажууд минь байгаа Чингүүн хоёр өөр өөр хүн шиг санагдлаа. Хөгжимдөх үедээ чухам юу мэдэрдэг вэ?
-Хөгжимдөө уусаад орчноо соо тасарчихдаг юм. Бүтээл бүхэн өөрийн өнгөтэй, зан ааштай, өгүүлэмжтэй байдаг. Тэр бүгдийг мэдэрч тоглох нь чухал. Тухайлбал, Касьяны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд миний тоглосон “Гүрж бүжиг”- ийн аялгуу гэхэд их зүрх зоригтой, хурц хэмнэлтэй. Тэгэхээр гүрж үндэстний илэрхийлэл болсон тэр бүх зүйлийг гаргахыг хичээсэн.
-Касьяны нэрэмжит олон улсын уралдаанд анх удаа оролцоод тэргүүн байрт шалгарсан гэл үү. Өмнө нь ямар ямар уралдаанд өрсөлдөж байв?
-Эх орондоо зохиогддог Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд нэг, дөрөвдүгээр ангид байхдаа оролцож, II болон IV байр эзэлсэн. Олон улсын уралдаанд өнгөрсөн зун анх оролцоод тэргүүн байрт шалгарсан. Тэр уралдаанд 33 орны хүүхдүүд өрсөлдөж, би 10-12 насны ангилалд оролцсон.
-Тэр олон орны хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулав уу. Чингүүн чухам юугаараа ялгарч байх шиг байна вэ?
-Хүүхдүүд маш мундаг байсан. Би тэднээс гаргасан өнгөөрөө ялгарч чадсан байх.
- “ Ч и н г ү ү н тэргүүн байрт орлоо” гэдгийг сонсоод хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Тэгж зарлахад би тайзан дээр, ээж маань үзэгчийн суудалд сууж байсан. Хамгийн түрүүнд ээж рүүгээ хараад өөрийн эрхгүй баярлаад сандраад байсан.
-Ээж нь тэр үед ямар их баярласан бол. Эхийнхээ ачийг хариулах хэцүү гэж ярьдаг шүү дээ. Гэтэл чи ийм багаасаа л баярлуулж байна. Чи их азтай хүүхэд юм аа.
-Харин тийм, ээж ёстой их баярласан гэсэн.
-Гадаадын уралдаанд гарамгай амжилт гаргасан хүүхдүүдийг Засгийн газрын шийдвэрээр олон сая төгрөгөөр шагнасан. Чингүүн 19 сая төгрөгийн эзэн болсон байх аа. Шагналын мөнгөө ямар нэгэн юманд зарцуулсан уу?
-Банкинд хадгалуулчихсан шүү дээ. Өө нээрэн, “Гоку” гэдэг цуврал тоглоом байдаг юм. Шагналынхаа мөнгөнөөс тийм тоглоом авсан юм байна. Миний хообий гэх үү дээ. Шалгалтаа амжилттай өгөх бүрт ээж маань надад “Гоку” авч өгч, урамшуулдаг юм. Манай сургуулийн хүүхдүүд жилдээ тогтмол найман шалгалт өгдөг юм. Би сүүлийн үед лего гээд угсардаг тоглоом цуглуулж байгаа. Одоо надад 100 гаруй “Гоку”, легоны гурван цуврал бий.
-Ер нь ямар бүтээл тоглох дуртай вэ?
-Бүтээл бүхэн сайхан шүү дээ. Хурц, намуухан гээд өөр өөрийн илэрхийлэлтэй байдаг. П.И.Чайковскийн бяцхан хунгуудын аязыг тоглохоор өөрийн эрхгүй нулимс асгараад байдаг. Би ер нь их зөөлөн сэтгэлтэй байх аа. Хөгжим тоглохоор уйлчихаад байдаг юм.
Ж.ЭРДЭНЭ