Г.Мягмарнаран (Ардын жүжигчин):
-Би Ё.Шаравдоогийн дэргэд зогсож байна шүү дээ. Тэр жаахан хүүг хар даа. тэр бол би байгаа юм.
С.Дамдин (гавьяат жүжигчин):
-Миний залуудаа тоглосон овоо хэдэн жүжгийн зураг байна шүү.
Г.Мягмарнаран: -Болж, болж хөгшөөн.
Өчигдөр театрын музейн жижигхэн танхимд хаа сайгүй л иймэрхүү сайхан яриа өрнөж, хаашаа ч харсан жүжигчид “бужигнаж” байлаа. Монгол Улсад мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ой, Театрын музейн 20 жилийн ойд зориулсан “Театр бидний гэр” үзэсгэлэн нээлтээ хийсэн учраас тэд ийнхүү цугласан юм. Ахмад, дунд, залуу үеийн жүжигчид театрын удирдлага, БСШУЯны төлөөлөгчид гээд танхим дүүрэн хүн бие биетэйгээ мэндчилэн халуун яриа дэлгэнэ. Үүдний танхимд “Тамгагүй төр” жүжгийг анх тоглож байсан бичлэгийг үзүүлж, үзэсгэлэнгийн танхимын хойморт жүжигчин Б.Нармандах, Г.Отгонцэцэг, Ц.Баясгалан нар жүжгийн дуунаас дээжлэн дуулав. Монгол Улс театрын урлагийн эрт ний уламжлалтай.
1921 оноос хойш улс орон даяар уран сайханчдын “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг байгууллага соёл урлагийн үйлчилгээг хөгжүүлж, 1927 онд олны дунд “Бөмбөгөр ногоон” гэж алдаршсан “Ардын цэнгэлдэх хүрээлэн” нээгдэн, 1931 онд “Төв театр” хэмээн мэргэжлийн төвшинд хүрсэн орчин цагийн мэргэжлийн театр бий болж С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр нээлтээ хийн үзэгчдэд толилуулж байсан аж. Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр өдгөө дэлхийн сонгодог болон үндэсний 400 гаруй бүтээлийг тайзнаа амилуулаад байгаа билээ. Үзэсгэлэнд театрын тайзнаа тоглож байсан үе, үеийн жүжгүүдийн гэрэл зураг, уран зургийг дэлгэсэн байв. “Театр бидний гэр” үзэсгэлэн ирэх сарын 12 хүртэл үргэлжлэх аж.
С.Сэргэлэн