Дэлхийн угсаатны хөгжмийн түүхэнд үнэ тэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд олгодог “Дэлхийн угсаатны хөгжим судлалын гран при” шагналыг туульч, цуурч Э.Баатаржав хүртжээ. Тэрбээр дэлхийн нүүдэлчдийн язгуур өв соёлын төвийн тэргүүнээр ажилладаг ба сүүлийн 20 орчим жилийн турш угсаатны хөгжмийг судлахын зэрэгцээ 40 гаруй оронд лекц уншиж байжээ. Устаж, үгүй болж байгаа урлагийн төрлийг хөгжүүлэхийн төлөө үйлс бүтээлээ зориулсан хүмүүст Дэлхийн угсаатны хөгжим судлалын агентлагаас энэ шагналыг олгодог аж.
Э.Баатаржавыг 78-100 жилийн турш огт ашиглагдаагүй, мартагдаад байсан нуман хуур, чашга, дудар хөгжмийг олон улсын хөгжмийн урын санд оруулж, шинжлэх ухааны судалгаа хийснийг нь үнэлэн угсаатны хөгжмийн ханхүүгээр өргөмжлөв хэмээн батламжид бичсэн байв. Түүнээс гадна тэрбээр угсаатны хөгжим судлалын дөрвөн ном бичиж, “Монгол урианхайн хөөмий”, “Монгол Алтайн тууль, цуур” баримтат киног олны хүртээл болгож, “Хөөмийн холбоо”, “Хүннү, урианхай аялгуу” цомгийг хэвлүүлээд байгаа аж.