Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.ДЭМБЭРЭЛСАЙХАН: Наадмын харваанд эхний дөрвөн сумаа тавьсны дараа тайвширдаг

2022-06-17

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн юм. Тэрбээр өмнө нь 2016 оны наадмаар өөрт нь сур харвааны эрдэм заасан улсын гарамгай харваач Х.Баасанхүү багшийнхаа хүү, улсын мэргэн Ёндонтой оноо тэнцэж товх харван түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангаж байв.Тэр жил үзэгчдийг огшоож, суудлаас нь бостол өндөлзүүлэн шинэ мэргэн төрсөн нь энэ хүн байлаа. Сурын алтан зурхайд амжилттай цэц сорьсон түүнийг багш нь “Шавиа түрүүлсэнд сэтгэл догдолж байна. Тэрбээр “Хангарьд” клубийн харваачдаас Төрийн наадамд тэргүүлсэн 13 дахь түрүү юм” хэмээн өгүүлж байлаа. Даян мэргэн Д.Дэмбэрэлсайхантай ярилцлаа.

-Наадмын өдөр хоног хаяанд иржээ. Бөх, уяач, сур харваачид галынхантайгаа нэгдэж, бэлтгэлдээ гарч эхэллээ.

-Байгууллагын удирдлага, хамт олон намайг дэмжиж, наадмын бэлтгэлд тусгайлан анхаарал хандуулдаг. Би ч тэднийхээ итгэл, найдварыг алдахгүйг хичээж ирсэн. Орхон аймгийн “Хангарьд” клубийн харваачид бэлтгэл цэрэгжилтийн баазын ойролцоох “Хуурай ам” хэмээх газар энэ долоо хоногоос гарахаар зэхэж байна. Тус клубт улсын цолтой мэргэн олон бий. Тиймээс үндэсний сурын харвааны тэмцээнд хүчтэй өрсөлдөгч нь байдаг. Бид зургаа дахь жилдээ зохион байгуулсан үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн багийн УАШТ-ээс мөнгөн медаль гардлаа.

-Цар тахлын улмаас Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баярыг XIII зуун цогцолборт үзэгчгүй зохион байгуулахад та одтой наадаж, олныг баясгасан. Нартай, хуртай наадмын харваанд өөрийгөө түрүүлнэ гэж бодсон уу?

-Наадмын өдрүүдэд олны сэтгэл догдолж баярладаг бол бидний хувьд хамгийн хэцүү байдаг. Үндэсний сур харваа сэтгэл зүйтэй холбоотой. Миний хувьд эхний дөрвөн сум харвасны дараа л тайвширдаг юм. Харвааны дундуур нумаа гэмтээхгүй, өөрөө бэртэхгүйг хичээдэг. Миний хувьд зөвхөн улсын наадам гэлтгүй томоохон тэмцээнд оролцохдоо харвааг дундаас нь орхидоггүй. Оноо бага байсан ч тэмцээн дуустал харвахыг боддог. Залуу харваачдад “Эхэлсэн бол дуустал нь харваарай” гэж захидаг юм. Тэр жил наадмын бэлтгэлд гарахад Монгол Улсын дархан мэргэн, Гавьяат тамирчин Ш.Даваахүү багш мэргэчүүдийг шинжээд “Энэ жил 38 сум оносон харваач түрүүлэх магадлал өндөртэй байна” гэв. Багшийнхаа амны бэлгээр 38 сум онож, Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн.

-2016 оны наадам сэтгэлд тод үлджээ. Та Б.Ёндон мэргэнтэй тэргүүн байрын төлөө товх харвахад асарт суугаа хүмүүс амьсгаа даран үзсэнийг санадаг юм.

-Аймгийн наадамд ч түрүүлж үзээгүй нөхөр цехийнхээ ах нарыг дагаж ирээд улсын наадмын харваанд түрүүлж байлаа. Тэр жил Ш.Даваахүү багш, З.Сүлдболд ах “Чиний бэлтгэл тун дажгүй байна. Наадмын сур харваанд айрагдана шүү” гэлээ. Сурын талбайд шилдэг найман харваачийн нэгээр шалгарч, түрүү байрын төлөө товх харвана гэж төсөөлөөгүй. Өөрийгөө тийм өндөр амжилт гаргана гэж бодоогүй тул сүрдэж балмагдсан. Миний хувьд олны тааварт багтаагүй “Битүү морь” байв. Түрүүлдэггүй юм гэхэд удаалж, гарамгай мэргэн болох сон гэж л бодож зогссон. З.Сүлдболд ахад “Би товх харваад алдвал хоёрдугаар байрт, оновол түрүүлэх нь ээ” гэхэд “Тийм ээ, чи найзтайгаа товх харвах боллоо доо” гэcэн.

-Улсын гарамгай мэргэн Х.Баасанхүү Ёндон мэргэний аав. Багшид тань хүү, шавийнхаа хэн нь түрүүлэхийг харах амар байгаагүй л болов уу?

-Тийм ээ, хүү нь түрүүлбэл улсын даян, шавь нь Монгол Улсын мэргэн цол хүртэх байв. Багш товх харвахын өмнө “Та хоёрын хэн нь ч түрүүлсэн надад ялгаа алга. Гэхдээ товх харваа үзэж чадахгүй нь” гээд үзэгчийн суудлаас босоод явсан. Харваачид товх харваанд цолныхоо эрэмбээр харвадаг. Найз минь эхэлж харваад сумаа давуулчихлаа. Намайг онож, түрүүлэхэд асарт суусан хүмүүс “Шинэ мэргэн төрлөө” гээд л шуугилдаад явчихсан. Миний хувьд товх харвах бэлтгэл түлхүү хийсэн минь багагүй нөлөөлсөн. Багш нарынхаа зөвлөснийг, ах нарынхаа өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлсэн гэж боддог. 2017 оны наадмаар найз минь Монгол Улсын даян мэргэн цол хүртэж, Орхон, Завхан аймгийн зон олныг баярлуулсан. Тэрбээр хэвлэлийнхэнтэй ярилцахдаа өмнөх наадмаар гаргасан алдаагаа засаж, дараа жил нь түрүүлсэн тухайгаа дурссан байдаг.

-Хэзээнээс Х.Баасанхүү багшийн шавь болж, нум эвшээлгэн сум тавьж эхлэв?

-Би үндэсний сур харваагаар 2011 оноос хичээллэсэн. Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хангарьд” клубийнхэнтэй хамтарч ажилчдынхаа бие, бялдрыг хөгжүүлэх зорилгоор 2009-2011 онд биеийн тамир, чийрэгжүүлэлтийн төсөл хэрэгжүүлж, спортын 15 төрлөөр хичээллэх боломж бүрдүүлсэн юм. Үүний нэг төрөлд нь үндэсний сур харваа багтсан. Морь уяж чадахгүй, бөх барилдах гэхээр нас явчихсан надад сур харваа сонгох нь зөв шийдвэр байв. Ус хангамжийн цехийн 15 залуу уг төсөлд хамрагдаж хичээллэх боллоо. Тэднээс хамгийн залуу нь би. Залуус сургалтын гурван нум, 15 сумаар ээлжилж харвана. Зургаан сар хичээллээд өөрийн гэсэн нум, сумгүй бол сурах хэцүүг ойлгож, болих тухай боддог болов. Үйлдвэрийн цехэд хамт ажилладаг, Завхан аймгийн Улиастай сумын уугуул, улсын гоц мэргэн Ж.Мөнхбаатар ахад энэ тухайгаа хэлэхэд “Чи залуу хүн байж ийм зүйл ярихгүй шүү. Удахгүй өөрийн гэсэн нум, сумтай болно” гэлээ. Залуусаас дөрөв нь үлдэж, үргэлжлүүлсэн. Тэднээс гурав нь Ус хангамжийн цехийнх. Бид тэр цагаас өнөөг хүртэл нөхөрлөж, хаана тэмцээн болно тэнд очдог.

-Тэгвэл цехийн чинь ах энэ спортод буцааж авчирсан байх нь.

-Тэрбээр багштай минь найз. Харвааны нум, хэрэгсэл ховор байх үед багш надад Өмнөговь аймгийн харьяат, нум урлаач Монгол Улсын даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр гуайгаар нум урлуулснаар үндэсний сур харваанд эргэж буцахааргүй хөл тавьсан. 2016 оны наадамд түүний нумаар харваж, улсын мэргэн цол хүртэж байв. 2020 онд гарынхаа ур дүйгээр “Хөөрөг Бааска” хэмээн алдаршсан залуугийн урласан нумаар цэц сорьсон юм. Тэрбээр хөөрөг, нумаас гадна чулуугаар сийлбэр сийлдэг. Найз минь улсын мэргэн цол хүртэхэд баярлаж, урласан нумаа бэлэглэж байв. Тэр нумаар нь харваж, улсын даян мэргэн цол хүртсэн дээ.

-Хүнд ээл, ивээлээ харамгүй хайрласан нутаг бий. Ажил, амьдралынхаа гарааг Орхон аймгаас анх эхлүүлсэн байдаг шүү.

-Завхан аймгийн Эрдэнэмандал сум миний төрсөн нутаг. Сумынхаа ерөнхий боловсролын сургуульд 1999 он хүртэл сурч, IV ангид орох жилээ Улаанбаатарт шилжин ирсэн. 2006 онд сургуулиа төгсөөд хоёр жилийн дараа Орхон аймагт хөл тавьж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехэд ажилтнаар орж байлаа. Надад тухайн үед сурахаас илүү ажил хийх хүсэл их төрдөг сөн. Хэрвээ энэ үйлдвэрт ажиллаагүй бол үндэсний сураар хичээллэж, өндөр амжилт гаргах байсан ч уу, үгүй ч үү. Эрдэнэтэд 21 аймгаас илгээлтийн эзэд цуглаж, гал голомтоо бадраасан байдаг. Би ч бас тэдний адил ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж, гэр бүлтэй болсондоо бэлгэшээдэг юм. Надад одоо Орхон аймаг төрсөн нутгаас минь ялгаагүй санагддаг. Миний хувьд суугуул ч гэлээ уугуул иргэд шиг нь энэ хотод хайртай. Жилд ганц удаа болдог улсын наадмаар сурын талбайд төрсөн нутаг, аав, байгууллагынхаа нэрийг дуудуулж зогсохдоо сэтгэл догдолдог. Наадмын өглөө түрүүлээсэй гэж нутгийнхан, аав ээж, ах дүүс, хамт олон, найз нөхөд дээлийн минь захыг мушгиж суудаг юм. Улсын даян мэргэн цол хүртэхэд нутгийнхан сайхан хүлээж авсан. Би нутгаа жил бүр зорьж уул ус, тоглож өссөн газраасаа эрч хүч авах дуртай. Энэ жил төрөлх сумынхаа 70 жилийн ойн баярт оролцоно.

-Нутгийн тань хүмүүс хүүхдүүдээ үндэсний сураар хичээллүүлж, шавь болгоё гэж санал тавьдаг биз дээ?

-Одоогоор шавьтай болж амжаагүй. Ажил ихтэй завгүй явдаг болохоор сумдаа үндэсний сур харвааг хөгжүүлэх боломж тэр бүр гардаггүй юм. Үндэсний сур харваа сонирхдог нутгийн залуус Б.Ёндон, Д.Эрдэнэтуяа мэргэний удирдлагад хичээллэдэг. Б.Ёндон 2017, 2018 онд “Завханы 1000 харваач” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Тэднээс 800 гаруй нь сурын спортод хөл тавьжээ. Харваачид “Шавь бэлдэнэ гэдэг өөрийнхөө харвааг хоёр хувааснаас ялгаагүй” гэдэг. Надад шавь бэлдэх сонирхол бий. Гэхдээ багш нар минь “Чи амжилтаа ахиулахад анхаарал хандуул. Чамд багш болох цаг хугацаа хангалттай гарна. Цаг нь болохоор шавь бэлдээрэй” гэж зөвлөсөн. Багш нараасаа ийм үүрэг авсан болохоор амжилтаа ахиулахаар зорьж байгаа. Үндэсний сур харваанд хамгийн хүчтэй өрсөлдөгч өөрөө л байдаг. Өөрийгөө ялан дийлж байж амжилт гаргана. Намайг дэмждэг олон хүний сэтгэлийн хүчинд өдий зэрэгт хүрсэн. Би улсын цол хүртсэн эрэгтэй харваачдаас насаар залуу нь. Ах нарынхаа зөвлөснийг сонсож, заасныг сурч урагшиллаа. Санаж явбал бүтнэ гэдэг үг бий. Төрийн наадмын сурын алтан шар зурхайд наадамчин олноо баясгаж, олон жил цэц сорино гэж боддог шүү.

-Тамирчин хүний ар тал байх амаргүй. Тууштай хичээллэж, амжилтаас атгахад гэр бүлийн тань үүрэг, оролцоо багагүй нөлөөлсөн байх.

-Ямар ч үед ойлгож, тууштай хичээллэх нөхцөл, боломжоор хангаж ирсэн гэр бүлээрээ бахархдаг. Харваачдыг эхнэр, нөхөр нь дэмжиж, ар гэрийнхээ бүх зүйлийг хариуцаж үлддэг юм шүү дээ. Бид урин дулаан орохоор бэлтгэлд гарч, зуны саруудад гэртээ тухлах нь ховор. Хол байх хугацаанд миний оролцоогүйгээр эхнэр минь бүх зүйлийг амжуулдаг юм. Тэмцээн, наадам, энд тэндхийн баяр ёслолд уригдаж намар хичээл эхлэхтэй зэрэгцэж гэрийн бараа харна. Манайх зургаан настай охинтой. Сураар хичээллэхэд нас нь арай бага байна. Эхнэр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд сувилагч. Үндэсний сур харваачдын хүүхдүүд удам залгаж харвадаг. Аав, ээжийнхээ сумыг зөөж гүйсээр харвах сонирхолтой болсон байдаг юм билээ. Миний хувьд охиныхоо хүсэл, сонирхлыг харна. Хэрвээ сэтгэл нь татагдвал дэмжинэ дээ.

-Хүмүүс сур харвааг сонирхдог болсон нь анзаарагддаг. Наадмын талбайн асарт үзэгчид тухалж, харваачдад суудал бараг олдохгүй шахам болсон байдаг шүү дээ.

-Наадамчид эрийн гурван наадмаа үзэх гэж бүтэн жил хоног тоолон хүлээдэг. Хүмүүс бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг их сонирхдог. Үүний давуу тал нь олонд энэ спортын онцлог, гайхамшгийг сайн тайлбарлаж хүргэдэгт байдаг болов уу. Үндэсний сур харваа ч гэсэн удахгүй спортын бусад төрөл шиг үзэгчидтэй болно гэдэгт итгэдэг.

-Энэ жилийн наадмаар өмсөх гоёлоо зэхэв үү? -Наадмаар өмсөх гоёлыг минь эхнэр эртнээс зэхдэг. Анх түрүүлж улсын мэргэн цол хүртэхдээ цэнхэр, дараа нь даян мэргэн болохдоо хүрэн дээл өмссөн. Би хүрэн дээлээрээ гоёх дуртай. Өмсөхөөр сайн харваад байх шиг санагддаг. Монгол түмний хотол олноороо хуран цуглаж, наадан цэнгэдэг баярын өдрүүд ойртож байна. Энэ ташрамд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, Ус хангамжийн цех, Цэвэрлэх байгууламжийн хэсэг, “Хангарьд” клубийн хамт олон, Завхан нутгийн зон олон, аав, ээж, гэр бүл, ах дүүс, найз нөхдөдөө баярласнаа илэрхийлж, Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье. Сурын алтан шар зурхайд нум эвшээлгэн татах эрхий мэргэн харваачдын нум нь хүчтэй, сум нь мэргэн, хараа нь хурц, уухай нь цээл байх болтугай.