Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.ЧИНЗОРИГ: Биологийн сургалтын үндэсний хөтөлбөрөөр олон улсад амжилт гаргах боломжгүй

2022-07-27

 

Монголоо төлөөлөн Армени улсын нийслэл Ереван хотод болсон биологийн олон улсын 33 дугаар олимпиадад оролцсон сурагчдын баг хоёр хүрэл медальтай ирсэн. Энэ удаагийнхад улсын олимпиадад эхний байруудыг эзэлсэн “Шинэ үе” сургуулийн сурагч Э.Бодьхүү, “Орчлон”-гийн Э.Тэргэл, “Шинэ Монгол”-ын Ч.Жаргалан, А.Номин нар оролцсоноос Э.Тэргэл, Ч.Жаргалан нар хүрэл медалийн эзэн болжээ. Хүүхдүүдийг хариуцаж явсан багш нар Э.Тэргэлийг маш чанартай хүрэл медаль хүртсэн хэмээн магтаж буй юм. Багш нарын багийн төлөөлөл “Шинэ үе” сургуулийн биологийн багш, магистр Д.Чинзоригийг ярилцлагад урилаа.
 

-Монгол хүүхдүүд биологийн олон улсын олимпиадад өндөр амжилт үзүүлсэн мэдээлэл анхаарал татлаа. Манай сурагчид анх удаа медаль авсан уу? 

-Үгүй ээ. Өмнө нь хэд хэдэн сурагч медаль авсан түүхтэй. Тус олимпиадад манай улс 1997 онд анх оролцсон боловч хэсэг завсарласан. 2007 оноос тасралтгүй явж эхэлсэн ч 2014 оныг хүртэлх хугацаанд медаль хүртээгүй, оролцогчийн байр суурьтай голдуу байлаа. 2014 онд Индонез улсад зохион байгуулсан олимпиадаас “Эмпати” сургуулийн сурагч Б.Эрдэнэболд анхны медалийг хүртсэн. Тэрбээр хүрэл медалийн эзэн болсон юм. 2016 онд “Сант” сургуулийн сурагч Б.Хулан мөнгөн медальтан болсон юм. 2018 онд Иран улсаас анх удаа хос медальтай ирсэн. “Орчлон” сургуулийн сурагч А.Ашид, мөн “Болор” ахлах сургуулийн сурагч Б.Билгүүн нар хүрэл медаль хүртэж байв. 2020 онд цар тахлын улмаас улсын олимпиад зохион байгуулаагүй. 2021 онд Португал улсаас цахим хэлбэрээр зохион байгуулсан олимпиадаас гурван медаль авсан. Энэ жил улсад шалгарсан сурагчид болох Э.Тэргэл мөнгө, Э.Бодьхүү хүрэл, мөн нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн сурагч Б.Пүрэвбадрал хүрэл медаль хүртсэн. Энэ жил өмнөх, хос медалийн амжилтаа бататгалаа. 
Биологийн олон улсын олимпиадын амжилт сүүлийн жилүүдэд харьцангуй тогтмолжиж байгаа нь хүмүүсийн анхаарлыг татсан болов уу. Олон улсад математик, байгалийн шинжлэх ухааны физик, хими, биологи, мөн газар зүй зэрэг бүхий л хичээлээр олимпиад зохион байгуулдаг. Манай улсын математикчид 40 гаруй жил оролцож байгаа болохоор хүмүүс энэ талаар илүү их мэдээлэлтэй байдаг. Түүхийг нь мэддэг хүн ч олон юм шиг. Манайхан олон улсад физикээр 2000 оноос, химиэр 2006 оноос хойш оролцож байгаа. Биологийн хичээлийн хувьд 2007 оноос хойш тасралтгүй оролцсон. Өөрөөр хэлбэл, улсаас зардлыг нь гаргаж, багш, сурагчдыг илгээдэг гэсэн үг. Дөрвөн сурагч, хоёр багш явуулдаг юм. Энэ жил дөрвөн багш явсан. Би гэхэд зардлаа өөрөө гаргалаа. Биологийн олон улсын олимпиадад манайхан анх 1997 онд оролцсон байна лээ. Тухайн жилээс эхлээд дөрвөн он дараалж багш, сурагчид явсан. Дараа нь хэсэгтээ тасалдсан. Санхүүжилт тусгахаа байсан юм болов уу. Харин түрүүнд хэлсэнчлэн 2007 оноос хойш бол жил бүр оролцож байгаа. Биологийн олон улсын олимпиадад нэг хүүхдийг хоёроос илүү удаа оролцуулдаггүй. Жишээ нь, математикаар бол нэг сурагч дөрвөн удаа ч оролцож болдог. 

-Манай сурагч Э.Тэргэл эрхээ эдэлж, хоёр удаа оролцжээ. 

-Тийм. Хоёуланд нь медаль авсан анхны сурагч болж буйгаар онцлог. 

-Биологийн олимпиадын амжилт чамлахааргүй юм байна. Сүүлийн хоёр жил дараалан медаль авсан нь сайн бэлтгэдэг болсных уу? 

-Амжилт тогтмолжиж эхэлж буй нь олон хүчин зүйлээс хамаарч байна. Намайг 2015 онд багш болж байхад, түүнээс өмнөх үед биологийн олон улсын болон үндэсний (улсын) олимпиадад оролцох гэдэг нь чанарын хувьд ялгаатай байлаа. Улсын олимпиадын даалгаврын тавил олон улсынхаас өөр байв. Өөрөөр хэлбэл, улсын олимпиадын даалгаврын чанар тааруу байсан. Улсын олимпиадаас шалгарсан сурагч нь олон улсын олимпиадад очиж оролцох боловч төдийлөн амжилт үзүүлдэггүй байлаа. 2015-2016 оноос хойш улсын олимпиадын даалгаврын чанарыг сайжруулж олон улсын түвшин рүү алхам алхмаар ойртуулж эхэлсэн нь сайн хүүхдүүд шалгарч, олон улсад амжилт гаргах боломжийг олгож эхэлсэн. Хоёрдугаарт, олон улсад бэлтгэх хүүхдүүд эх хэлээрээ унших номтой болсон. МУИС-ийн профессор Б.Болдгив ахлагчтай баг олон улсын ахлах сургуулийн, коллеж, их сургуульд судалдаг биологийн суурь сурах бичиг болох “Кэмпбеллийн биологи” номыг монгол хэл рүү орчуулсан юм. Ингэснээр хүүхдүүд суурь мэдлэгүүдээ цэгцтэй олж авахад дөхөм болсон. Энэ нь олон улсад амжилт үзүүлэх, хүүхдүүдийн онолын суурийг чанартай тавих боломж олгосон. Ялангуяа энэ жил явсан дөрвөн сурагчийн онолын даалгаврын гүйцэтгэлээс харахад мэдлэг нь тодорхой түвшинд хүрсэн нь харагдсан. Лабораторийн дадлага ажлуудыг хэр хийснээр медальд хүрэх, эсэх нь тодорхойлогддог. Өмнө нь хүүхдүүдийг онол талд хэрхэн чанартай бэлтгэх вэ гэж ярьдаг байсан бол одоо лаборатори, дадлага ажлууд дээрээ илүү их анхаарал тавих шаардлагатай болсон талаар ярьцгааж байна. БШУЯ-ны зүгээс голдуу физик, химийн лабораториудыг гадаадын донор байгууллагуудын дэмжлэгээр тоноглож ирсэн. Харин биологийнхыг орхичихсон. Ерөөсөө ардчилсан нийгэмд шилжиж эхэлсэн цагаас хойш улс даяар биологийн лабораторийг бараг тоноглоогүй гэхэд болно. Улсын хэмжээнд үүссэн энэхүү байдал нь ихээхэн бэрхшээл учруулж байна. Мөн олон нийтийн түвшинд биологийг зөвхөн уншдаг хичээл гэдэг ойлголт, хандлага их байна. Энэ чинь шинжлэх ухааны хичээл шүү дээ. Биологийн хичээлийн агуулга ч өмнө нь буюу 30 гаруй жилийн өмнө ургамал, амьтан гээд үздэг үеэс ихээхэн өөрчлөгдсөн. Ийм цаг үед дунд сургуулиудын биологийн лабораториудыг сайжруулах шаардлага тулгамдаж байна. 

-Биологийн хичээлийн агуулга яаж өөрчлөгдсөн бэ? 

-Биологийн шинжлэх ухаан асар хурдтай хөгжиж байна. Түрүүн дурдсан, монгол хэл рүү орчуулсан номын 12 дахь удаагийн хэвлэл гараад байна. ДНХ молекулын нээлт 1953 онд болсон зэргээс ямар залуу шинжлэх ухаан гэдгийг харж болно. Намайг сурагч байхад нийт амьд биеийг амьтан, ургамал гэсэн хоёр аймаг болгон судалдаг байлаа. Одоо таван аймагт хуваан авч үзнэ гээд хүүхдүүддээ зааж байна. 

-Вирус зургаа дахь нь болох уу? 

-Вирусийг амьд бие гэж үзэхгүй. Цар тахлын үед сонсож байхад сэтгүүлчид “Коронавирус шилэн гадаргууд хоёроос гурав хоног амьдардаг” гэж буруу ярьдаг байсан. Шилэн гадаргууд халдварлах идэвхээ хадгална гэж яривал зөв болно. Вирус өөрөө хөдлөхгүй, хүн л түүнийг зөөвөрлөж тараана. Түүнд бусад амь биеүдэд байдаг нэг шинж бий. Тэр нь үржих. 

-Бактери амьтай гэдэг үнэн үү? 

-Тийм ээ, амьтай. Шилбүүртэй нь өөрөө бие даагаад хөдөлж явна. Одоо эсийн биологийн агуулгууд улам өргөжиж байна. Ахлах ангид хичээлийн олон сэдэв заахдаа эсийн биологийн түвшинд тайлбарладаг. Тэгэхээр өмнө нь амьтан, ургамлын талаар зөвхөн бүтэц дээр суурилж ангилах, задлах байдлаар заадаг байсан бол одоо гений азотлиг суурийн дараалал, уургийн аминхүчлийн дараалалд суурилсан ангилал зүй яригддаг болсон зэргээр биологийн хичээл агуулгын хувьд өөрчлөгдсөн. 

-Мэдлэгийг арав, арваннэг, арванхоёрдугаар ангийн сурагчдад шат дараалалтай олгодог байх нь. 

-Тийм. Одоо манай улсад мөрдөж буй үндэсний цөм хөтөлбөр гэж бий. Бусад хичээлийн цөм хөтөлбөр ямар байдгийг би сайн мэдэхгүй. Лав биологийн хичээлийнх олон улсын стандарт шаардлагад хүрдэггүй. Үүнийг яаж нотолж болох вэ гэхээр биологийн хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар маш хөнгөн байдгаас харж болно. Арванхоёрдугаар ангийн сурагчдын мэдлэгийг шалгах даалгавар олон улсын ес, аравдугаар ангийн түвшний энгийн, хөнгөн даалгавруудтай адил. Тийм болохоор дундаж гүйцэтгэл нь өндөр байдаг. Орчин үеийн хүүхдүүд их ухаантай болсон учраас шалгалтыг тийм амархнаар авч болохгүй. Гүйцэтгэл өндөр болохоор биологийн сургалт боломжийн түвшинд байгаа юм шиг харагддаг авч үнэн хэрэгтээ тийм биш. Олон улсын түвшинтэй харьцуулахад танин мэдэхүйн нэг, хоёрдугаар эрэмбийн асуултууд голдуу харагддаг. Тархийг нь ажиллуулах, сэтгэлгээг нь шалгасан асуулт, даалгавар ховорхон байна. Олон улсад хүүхдүүд амжилт гаргаад байгааг хүмүүс биологийн хичээлийн хөтөлбөр сайных гэж бодож байж болох юм. Үгүй. Ямар хүүхдүүд гадаадын улс орнуудад олимпиадад амжилт гаргаж байна гэхээр биологийн номуудыг англи хэлээр уншиж, хэрэглэдэг, зарим нь хоёр ч гадаад хэл ашигладаг. “Орчлон” сургуулийн сурагч гэхэд Кэмбрижийн буюу гадаадын хөтөлбөрөөр суралцдаг. “Шинэ үе”-ийнх нь олон улсын IB хөтөлбөртэй, “Шинэ Монгол”-ынх гэхэд Японы “Монбушо” шалгалтад бэлтгэж байсан сурагч байх жишээтэй. Анхны медалийг авчирсан Б.Эрдэнэболд тухайн үедээ “Эмпати” сургуульд байгалийн ухааны хичээлүүдээ англиар үздэг байсан. Нэгдүгээр сургуулийн Б.Пүрэвбадрал англи, герман хэлтэй. Тэд номоо гадаад хэлээр уншиж, мэдлэг олж авч байгаа болохоор олон улсын түвшинд өрсөлдөж чаддаг. Түүнээс биш зөвхөн Монголынхоо, үндэсний хөтөлбөрөөр суралцаад, олон улсад амжилт үзүүлнэ гэхэд одоогоор хэцүү л байна. 

-Тийм юм бол БШУЯ сургалтын хөтөлбөрөө олон улсын түвшинд дөхүүлж сайжруулах шаардлагатай юм биш үү? 

-Сайжруулах шаардлага бол байгаа. Хөтөлбөр хариуцсан хүмүүс яваандаа үүн дээр анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. 

-Олон улсын олимпиадыг яаж явуулдаг юм бэ. Багш нар заавал очих ёстой юм байна, тийм үү? 

-Заавал очдог. Олимпиадын даалгаврыг багш нар нь эх хэл рүүгээ орчуулж, хүүхдүүдэд өгөхөд бэлтгэдэг. Саяын олимпиадын материал 160 хуудас байлаа. Бид гурван хоногт орчуулсан. Бас маргаан гарвал дүн, оноогоо хамгаалах болдог. Ер нь багш нар хэдэн өдөр унтах завгүй байж байгаад ирдэг юм. Очсон улс, хоттойгоо танилцах, аялах, зугаалах хөтөлбөр байгаа боловч энэ жилийн хувьд зохион байгуулалтын асуудлаас болоод чадаагүй. Ереванд манай нэг хүүхдийн амьтны сэдвээрх дадлага ажилд 30 гаруй оноо өгсөн байсан. Бид хамгаалсаар байгаад 50 гаруй болгуулсан. 

-Тэгэхээр сурагч медаль авна гэдэг багш, хүүхдүүдийн хамтын ажил, хариуцлага юм байна шүү дээ. 

-Яг тийм. 

-Даалгаврын бүтэц дэх дадлага ажлын нэг жишээ сонирхуулаач. 

-Дадлага ажлын шалгалтын даалгаврууд олон алхамтай, харьцангуй нийлмэл бүтэцтэй байдаг. Жишээ нь, ургамлын дадлага гэхэд, ургамлын бүтцээс гадна ургамлын экологийн асуудал, орчиндоо хэрхэн дасан зохицсон байдал, байгаль дээрх ургамлын зүйлүүдийн харилцан үйлчлэл, нэг зүйлийн ургамал, нөгөө зүйлийнхтэй хамааралтай байна уу, үгүй юү гэх зэргийг үнэлэх, математик аргаар анализ хийх, тодорхой статистик мэдээлэл боловсруулах гэх зэрэг даалгавар багтаасан байдаг. Амьтан гэхэд бүтэц төдийгүй ангилал зүйн асуудлыг ч багтаах жишээтэй. Сүүлийн үед биологи-мэдээлэл зүйн чиглэлийн биоинформатикийн даалгавар өгдөг болсон. Программ ашиглаж биологийн өгөгдөл дээр ажиллана гэсэн үг. 

-Хүүхдүүдээс ч, багш нараас ч өндөр мэдлэг шаарддаг юм байна даа. 

-Биохимийн дадлага ажил байлаа гэхэд спектрофотометр хэмээх багажаар ажиллах чадвар шаардагдана. Нэг мм-ээс бага хэмжээгээр бодис, урвалжийг соруулж авах шаардлагатай. Үүнд гарын эв дүй, ур чадвар шаардагдана. 

-Манай сургуулиудад ийм багаж байдаг уу? 

-Улсын сургуулиудад байхгүй. Олон улсын хөтөлбөртэй сургуульд суралцаж байсан хүүхдүүд тодорхой хэмжээнд дадлага хийж үзсэн байдаг. Зарим нь тийм багаж хараа ч үгүй. Гэхдээ хүүхдүүд маань чадахаараа хийдэг. Сурагчдыг энэ мэт байдалд оруулахгүйн тулд Улсын биологийн олимпиадын хороо МУИС дээр дадлага ажлын бэлтгэлүүдийг боломжоороо ханган ажиллаж байна. Гэвч богино хугацаанд хийдэг тул үр дүн харилцан адилгүй. 

-Тэгэхээр заавал олимпиадад бэлтгэхэд гэлтгүй биологийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулахын тулд дунд сургуулиудыг лабораториор хангах шаардлага тулгамдаж байна гэж ойлголоо. 

-Тийм ээ. Үнэхээр тулгамдаж байна. 

-Биологи сонирхдог хүүхдүүд ирээдүйд ямар, ямар мэргэжил эзэмших боломжтой вэ? 

-Биотехнологичоос авхуулаад олон мэргэжил бий. Манай орны тухайд хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлд мэдлэг шингэсэн үйлдвэрлэл явуулах бодлогыг эрчимжүүлэх тусам биологид суурилсан мэргэжлүүд, мэргэжилтнүүд эрэлттэй байх болно.