Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Я.ЭНХЖАРГАЛ: Сувилагчийн хомсдол нь цалин нэмээд л шийдчих асуудал биш, цогц арга хэмжээ авах шаардлагатай

2022-08-16

Улсын хэмжээнд сувилагчийн хомсдол нүүрлэсэн талаар манай сонин өмнө нь “Ачаалал даах чадвартай, 700 000 төгрөгийн цалинтай сувилагч хайж байна” нийтлэлээрээ хөндсөн. Тэгвэл энэ удаад АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Я.Энхжаргалтай ярилцлаа. Тэрбээр сувилагч бэлтгэдэг сургуульд сүүлийн 10 гаруй жил багшилж буйн зэрэгцээ сувилахуйн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаа аж. Манай улсад үүсээд буй сувилагчийн хомсдолыг шийдвэрлэх арга зам, олон улсын туршлага зэрэг сэдвийн хүрээнд түүний байр суурийг сонссон юм. Үүнийг шийдэхэд бодлогын цогц арга хэмжээ шаардлагатайг тэрбээр онцоллоо.

-Манай улсад сувилагчийн хомсдол үүссэн нь ямар шалтгаантай вэ гэдэгт та байр сууриа илэрхийлэхгүй юү. Энэ талаар олон жил ярьж байгаа ч дорвитой гарц, шийдэл ололгүй өдий хүрлээ.

-Нийгэм, эдийн засаг хурдацтай өөрчлөгдөж, хүн амын төвлөрөл ихсэхийн хэрээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж байгаа. Ийм шалтгаанаар зөвхөн манай улсад төдийгүй дэлхий дахинд сувилагч хомсдоод буй. Аль ч улсын эрүүл мэндийн салбарын 60 орчим хувийг сувилагч эзэлдэг. Дэлхий дахинд 28 сая эрүүл мэндийн ажилтан байгаагийн 19 сая нь сувилагч. Тэгэхээр сувилахуй нь маш том салбар гэсэн үг. ДЭМБ-аас сувилагчийн хомсдол дэлхий дахинд 2035 он гэхэд 12.9 саяд хүрнэ гэж тооцоолсон. Тиймээс улс орон бүр үүнээс сэргийлэх бодлого, төлөвлөгөө гаргахыг зөвлөсөн юм. Хэрэв оновчтой бодлого, төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхгүй бол сувилагчийн хомсдол нь иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээнд хүрнэ гэж тус байгууллагаас анхааруулсан байдаг.

Манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт 56.5 мянган хүн ажиллаж байгаагийн 13 473 нь сувилагч. Тэдний 90 хувь нь эмэгтэйчүүд. Өдгөө эмнэлгүүдэд ажиллаж буй сувилагчийн тоо нь баталсан орон тоондоо хүрэхгүй, дутагдалтай байна. Гэтэл уг орон тоог нь нэлээд дээхнэ үед баталсан шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн хэрэгцээ, орны эргэлт зэргийг тооцвол баталсан орон тооноос ч илүү олон сувилагч хэрэгтэй болно. Одоо ажиллаж буй сувилагч нар маш их ачааллыг үүрч буй гэсэн үг. Ийм байхад тэд суралцаж, манлайлж, өөрсдийгөө яаж хөгжүүлэх вэ. Ямар ч цаг гарахгүй биз дээ. Магадгүй сувилагчийн хомсдол нь тусламж, үйлчилгээний чанар, өвчтөний сэтгэл ханамжид ч тодорхой хэмжээгээр нөлөөлж буй байх. Жишээ нь, сувилагч танд 20 минутын турш тусламж, үйлчилгээ үзүүлэх чин хүсэлтэй. Гэсэн ч таны ард дахиад 20 өвчтөн хүлээж байгаа учраас нэг хүнд хэдхэн минут зарцуулахад хүрдэг. Нэг тасагт 13 сувилагч байх ёстой ч шөнийн ээлжид хоёрхон хүн л ажиллаж буй тохиолдол ч бий. Тэд чинь гэр бүлтэй, өөрсдийн эрүүл мэндэд ч анхаарах шаардлагатай хувь хүн. Гэтэл найм, 16, бүр 24 цагийн турш 70-80 хүнд үйлчилж, бие болон сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хохирч байгаа шүү дээ.

-Хомсдол үүссэн шалтгааныг сувилагч нар өөрсдөө цалин, хөдөлмөрийн үнэлэмжтэй холбон тайлбарладаг. Энэ нь үндэслэлтэй юү. Цалин нэмчихвэл хүний нөөцийн дутагдал арилна гэж ойлгож болох уу?

-Цалин нэмэх бол шаардлагатай арга хэмжээний зөвхөн нэг хэсэг нь. Сувилагч, эмнэлгийн бүх ажилтанд яг одоо тулгамдаад, гаргаж ирж байгаа нь л цалин. Үүнээс гадна маш олон асуудал бий. Мэдээж цалин нэмчихээр бүх асуудал шийдэгдээд, цэгцэрчихнэ гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, урт хугацааны үр дүн гарахгүй гэж хардаг. Сувилагчдын хомсдолыг арилгах нь бодлогын цогц арга хэмжээ шаардсан ажил. Тухайлбал, Засгийн газар, ЭМЯ, БШУЯ, их, дээд сургуулиуд, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд зэрэг бүх талын хамтын ажиллагаа хэрэгтэй. Хамгийн гол арга хэмжээ бол сувилагчийн ажлын байрыг нэмэх юм. Ингэснээр сувилагчдын хомсдол арилж, тэдний манлайлал нэмэгдэн, мэдлэг, боловсролоо дээшлүүлж, суралцах боломж бүрдэнэ. Түүнийг дагаад цалин хангамж нь ч нэмэгдэнэ. Нэг жишээ дурдахад, Филиппинд англи хэлтэй сувилагчдыг бэлтгэдэг. Тус улсад бэлтгэсэн сувилагчид гадаадад, тэр дундаа Англи, Америк, Германд ажиллаад, жилд нэг тэрбум ам.долларыг эх орон руугаа буюу гэр бүлийнхэндээ явуулдаг гэсэн мэдээлэл уншиж байлаа. Бид ч гэсэн сувилахуйн салбараа хөгжүүлж, дотоодынхоо асуудлыг шийдэх, цаашлаад англи хэлтэй сувилагчдыг бэлтгэн, экспортолж яагаад болохгүй гэж.

-Ажлын байрыг хэрхэн олшруулах шаардлагатай бол. Энэ нь хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхтэй хэрхэн холбогдох вэ?

-Сувилагчийн лицензийн төрлүүдийг олшруулж, олон салбарт ажиллуулах нь зүйтэй. Жишээлбэл, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг сувилагч гэж бий. Миний сууж буй орчны байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, ширээ, компьютер зэрэг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, эсэхийг үнэлж, хэрхэн тохируулахыг зөвлөдөг сувилагч л даа. Өөрөөр хэлбэл, ажилчдын эрүүл мэндийн эрсдэлийг үнэлж, тухайн байгууллагын хөдөлмөрийн бүтээмжийг ч тооцоолдог. Гэтэл манайд ийм ажлын байр байхгүй. Уул уурхай, барилгын салбарт л хөдөлмөр хамгаалал гэж ярьдаг төдий. Түүнчлэн ихэнх оронд сургуулийн эрүүл мэндийн сувилахуй гэж байна. Дөнгөж сургуульд орсон хүүхдэд эрүүл ахуйн дадлыг хэрхэн хэвшүүлэх талаар сувилагч нар заадаг. Цаашлаад өсвөр насныханд тулгардаг дээрэлхэлт, үзэн ядалт зэрэг сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх багт нь заавал сувилагч ажилладаг. Гэтэл манайд ийм туршлага бараг алга. Харин “Хобби” сургууль л сувилагчтай. Манай сургуулийг төгссөн, миний шавь тэнд ажилладаг юм. Америкийн стандартаар үйл ажиллагаа явуулдаг сургууль учраас тэнд сувилагч ажиллуулж байна л даа. Сургуулийн сувилагч сурагчдад шүдээ яаж угаах, ямар хоол тэжээл идэх, эрүүл мэндээ хэрхэн дэмжих, хамгаалах талаар зөвлөдөг, заадаг. Мөн сургуулийн эрүүл орчныг бүрдүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдүүд ч хичээлдээ дуртай ирж, эрүүл мэндийн боловсролыг эрт олж авдаг юм билээ. Түүнчлэн бизнесийн олон салбарт сувилагч хэрэгтэй. Тухайлбал, албан байгууллага, үйлдвэр, аж ахуй, асрамжийн үйлчилгээ гэх мэтээр нэрлэж болно. Энэ мэтээр сувилагч олон талбарт ажилладгийг ойлгоод, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээр сувилахуйн сургуульд элсэгчдийн тоо нэмэгдэн, үүнийг дагаад уг мэргэжлийн үнэ цэн ч өснө. Иргэдийн амьдралын чанар ч сайжирна.

-Сүүлийн жилүүдэд танай сургуульд суралцагчийн тоо буурсан уу. Эсвэл эсрэгээрээ өсөлттэй байна уу?

-Манай сургууль гурав, дөрвөн жилээр сувилагч бэлтгэж байна. Төгсөлтийн өмнөх буюу бакалаврын, дипломын түвшинд сувилагч бэлтгэдэг. Мөн төгсөлтийн дараах сургалтаар сувилагч нарыг мэс заслын, чихрийн шижингийн, нийгмийн эрүүл мэндийн зэрэг 22 чиглэлээр мэргэшүүлдэг. Бас магистр, докторын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ийнхүү гурван түвшинд сургалтын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаагаа бас эрхэлдэг. Сүүлийн үед бакалаврын элсэлтийн квот жаахан буурчихаад байгаа. Дипломын боловсролтой сувилагч бакалаврын зэрэгтэй болохын тулд нэг жил суралцдаг юм. Үүний эрэлт харин нэмэгдэж байна. Жишээ нь, сувилагч, эх баригч болон дипломын боловсролтой бусад мэргэжилтэн үүнд хамрагдах нь элбэг.

-Ажлын байран дахь дутагдлыг нөхөхийн тулд Засгийн газраас төрийн өмчийн сургуульд сувилагч мэргэжлээр суралцахад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь суралцагчийн тоо өсөхөд, цаашлаад хүний нөөцийн дутагдлыг нөхөхөд нөлөөлж байгаа юу?

-Засгийн газрын тогтоолын дагуу сувилагч мэргэжлээр суралцагчдын төлбөрийг төрөөс 70-100 хувь хариуцдаг. Энэ нь голч онооноос шалтгаална. Голч оноо нь 2.5-аас дээш байх тусам оюутны өөрөөсөө гаргах төлбөр нь багасдаг. Хөгжиж буй, санхүүгийн чадамж тааруу улсын хувьд сувилагч бэлтгэхэд ийнхүү анхаарч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ арга хэмжээ нь дангаараа үр дүн багатай. Өөрөөр хэлбэл, нэгхэн асуудлыг сугалж аваад шийдэх нь цаг аргацаасан, шоу маягийн ажил. Өмнө дурдсанчлан цогц арга хэмжээ хэрэгтэй.

-Олон улсад сувилагчийн хомсдолыг хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авч байгаа бол?

-АНУ, Япон, БНСУ зэрэг орон ДЭМБ, Олон улсын сувилагчдын нийгэмлэгийн бодлогод нийцүүлэн зорилгоо тодорхойлж, хэрэгжүүлж байна. АНУ-ын Сувилагчдын нийгэмлэгээс гаргасан зургаан стратегийг саяхан харж байлаа. Түүнд дурдсанаар бол сувилагч мэргэжлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сурталчилж, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх ажлыг бодлогын түвшинд хийх шаардлагатай гэжээ. Хоёрдугаарт, сувилагчийн хомсдолыг сааруулахад хөрөнгө оруулж, ажиллах байгууллагынх нь дотоод, гадаад орчин нөхцөлийг сайжруулах ёстой гэж тусгасан. Жишээ нь, АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлэг ажилчдын хүүхдийн цэцэрлэгтэй болж байгаа. Энэ мэтчилэн эмч, сувилагч, ажилчдыг дэмжих орчин бүрдүүлэх ажил манайд эхэлж буй. Үүнээс гадна сувилагчийн боловсрол, манлайлал, хөгжил дэвшилд төрийн болон төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх хэрэгтэйг дээрх стратегид дурджээ. Дараа нь шилжилт хөдөлгөөнийг сааруулахыг бодлогоор дэмжих ёстой хэмээсэн. Бас сувилагчийг олон салбарт ажиллуулж, ажлын байрууд бий болгох шаардлагатайг онцолсон. Түүнчлэн сайн боловсрол олгохын тулд сувилагч, эх баригч бэлтгэдэг сургуулиудын, багш нарын чадавхыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж уриалсан байна.

-Хүний нөөцийн дутагдал нь ирээдүйд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй талаар та өмнө дурдсан. Жишээ нь, ямар сөрөг үр дагавар үүсэх магадлалтай бол?

-Сувилагч хомсодсон нэг том шалтгаан нь шилжилт хөдөлгөөн гэж олон улсын судлаачид тэмдэглэсэн байна. Тодруулбал, ядуу буурай болон дунд орлоготой орнуудын сувилагч нар өндөр хөгжилтэй улсад очиж ажиллах нь ихэссэн. Жишээ нь, манайхан Япон, Герман руу явж байна. Манай магистрын сургалтад өвөрмонгол эмч сурч байгаа юм. “Яагаад эмч байж сувилахуйн магистраар сурч байгаа юм бэ” гэхэд “Би Германд сувилахуйн чиглэлээр ажиллах хүсэлтэй” гэх жишээтэй. Ийм хүн зөндөө бий. Хэл сайн сураад, ажлаасаа гараад, гадаад руу явах хүсэлтэй. Энэ бол хувь хүний сонголт учраас буруутгах учиргүй. Гэхдээ ийм маягаар сувилагч нараа алдаж буй оронд эрүүл мэндийн томоохон асуудлууд тулгардаг юм байна. Тухайлбал, Африкийн орнуудад ДОХ, сүрьеэгийн тархалт нэмэгдээд л байж. Эрт илрүүлэг зохион байгуулаад, эм хангамж хангалттай байсан атал өвчлөл ихэсжээ. Үүний шалтгааныг тогтоохоор судалтал сувилагч нар хомсодсонтой холбоотой байсан. Тухайн хүн эмээ цагт нь, зөв ууж байгаа, үгүйг урт хугацаанд хянадаг сувилагч цөөн учраас өвчлөл нэмэгджээ. Манай улсад ч гэсэн насанд хүрэгчдийн архаг эмгэг, хүүхдийн шүдний болон жирэмсэн эмэгтэйчүүдийн суурь өвчлөл их байна. Энэ нь сувилагчийн дутагдалтай холбоотой гэж би хувьдаа хардаг.

-Манай улсын онцлогт тулгуурлан сувилагчийн хомсдолыг шийдвэрлэх арга зам гэж бий юү?

-10-20 жилийн стратеги, урт болон дунд хугацааны арга хэмжээнүүдийг Засгийн газраас боловсруулж, цогц бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. ЭМЯ-наас бол сувилагчийн ажлын байр, мэргэшлийн төрөл, лицензийн хэлбэрийг олшруулах шаардлагатай. Мөн төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн захиалга, шаардлагатай мэргэжлийн төрлүүдийг үндэслэн сувилахуйн сургуулиудын квотыг нэмж болно. Үүнээс гадна судалгаа шинжилгээний захиалгат ажлууд, сурах бичиг хийлгэх гэх мэтээр сувилахуйн боловсролыг дэмжих шаардлага бий. Сувилахуйн боловсрол гэдэгт судалгаа, шинжилгээ, төгсөлтийн болон төгсөлтийн өмнөх, дараах сургалт, ном, сурах бичиг, хүний нөөц, багшлах боловсон хүчнийг бэлтгэх зэрэг нь багтана. Жишээ нь, манайд нийгмийн эрүүл мэндийн сувилагчийн лицензийн төрөл хэрэгтэй байгаа. Мөн хэдэн мянган сувилагч ажлаа орхих хандлагатай байна, үүнээс болж ямар эрсдэл тулгарч болзошгүйг судлах хэрэгтэй. Мэдээж дангаараа төрийн байгууллага ийм их ачааллыг даахгүй. Тэгэхээр төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэгүүдийг идэвхжүүлж, бодлогоор дэмжиж болно. Байгууллагуудын тухайд бол сувилагчийн эрүүл мэндийг дэмжиж, таатай орчинд ажиллах нөхцөл бүрдүүлэх, хөдөлмөрийг нь хөнгөвчлөх, цалин нэмэх, орон сууцын хөнгөлөлттэй зээлд хамруулах, хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх байгуулах гэх мэт арга хэмжээ авах нь зүйтэй юм. Ийм орчин бүрдүүлсэн эмнэлгийг Засгийн газраас урамшуулах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг дэмжлэг ч байж болно. Эдгээрийг хэрэгжүүлснээр сувилагч нар нийгэмд аяндаа танигдаж, энэ мэргэжлийг сонгон суралцагчдын тоо ч нэмэгдэнэ. Хомсдолыг шийдэх цогц арга хэмжээнд сувилагч өөрөө оролцоно, манлайлна гэсэн үг. Сувилагч нарын манлайлал нэмэгдсэнээр нийгэмд эзлэх байр суурь, цалин хангамж нь сайжирсан жишээ олон улсад цөөнгүй бий.

-Сувилагч хомсодсон бас нэг шалтгаан нь уг мэргэжлийн талаар хүмүүс сайн ойлгодоггүй, эмчийн туслах гэж хардаг, ерөнхийдөө бол огт үнэлдэггүйтэй холбоотой гэдэг. Олон нийтийн энэ ойлголт, хандлагыг хэрхэн өөрчлөх вэ?

-Манай сувилагч нар одоогоор зөвхөн эмнэлэгт л ажиллаад байна шүү дээ. Тиймээс бодлогын түвшинд өөрчлөлт хийж, өмнө дурдсанаар олон салбарт ажиллуулах ёстой. Ингэснээр магадгүй дараагийн 10 жилд олон нийтийн ойлголт, нийгмийн ухамсар, хандлага өөрчлөгдөх байх. Ер нь эрүүл ч бай, өвчтэй ч бай хүн хаана байна, тэнд сувилагч, сувилахуйн тусламж хэрэгтэй байдаг. Цар тахлын үед сувилагч бол чухал мэргэжил гэдгийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн. Цаашид илүү сайн ойлгох хэрэгтэй. Сувилахуйн хэд хэдэн онцлог байдаг л даа. Тэдгээрийн нэг нь ёс зүй. Жишээ нь, хүүрнэх ёс зүй гэж бий. Хэдэн жилийн өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж байхад нэг англи сувилагч ирсэн юм. Тэр сувилагч өвчтөнүүдтэй маш их ярилцдаг, тэгээд түүнийгээ сувилахуйн тусламж үзүүлчихлээ гэж хэлдэг байв. Тухайн үед бид сайн ойлгохгүй, “Юу ч хийгээгүй байж” гэж боддог байлаа. Яагаад гэвэл тусламж, ур чадвар гэдгийг бид тариа хийх, катетер тавих, эм уулгах, хянах гэх мэтийн гараар хийх үйлдэл л гэж ойлгодог. Гэтэл тэр сувилагч хүүрнэх ёс зүйгээр ажиллаад байсан. Өвчтөний хажууд сууж, гараас нь атгаж, маш дотноор ярилцан, уйлуулж, инээлгэж чаддаг. Ингэснээрээ тухайн өвчтөн баяр баясгалантай, сэтгэл өөдрөг болдог. Сэтгэл зүйн хувьд сувилагч тухайн хүнийг аз жаргалтай болоход нөлөөлж байна шүү дээ. Тэгэхээр сувилахуйн тусламжийг зөвхөн гараар хийдэг ажил гэж ойлгож болохгүй. Үйлчлүүлэгчээ сэтгэл зүйн хувьд нээж, чиглүүлэх нь сувилахуйд нэн чухал. Мэдээж бие эрхтнийг нь анагаахад чиглэсэн тусламж, үйлчилгээг эмч болон бусад мэргэжлийн хүмүүстэй хамтран үзүүлдэг. Ийм хүнлэг, маш гоё, бас мэдрэмжтэй мэргэжил гэдгийг олон нийт ойлгомоор байгаа юм. Сувилагч мэргэжлийг эзэмшихийн тулд хүнийг олон талаас судалдаг. Мөн олон шинжлэх ухааныг судалдаг, маш нарийн мэргэжил.

-Манай сувилагч нар гадаад руу явж ажиллахын зэрэгцээ эмч болохоор дахин суралцах нь олширсон гэх юм билээ. Таны шавь нарын дотор ийм жишээ хэр олон байна вэ?

-Олон бий. Төгсөгчид ажлын талбарт гарахаараа сувилагчийн хомсдол, ачаалал, хөдөлмөрийн үнэлэмж, цалин зэргээс болоод халширч байна шүү дээ. Тэгээд эмчээр ажиллавал үнэлэмж өндөр, цалин арай гайгүй, ачаалал харьцангуй бага гэдгийг олж хараад, дахин сурдаг байх. Тэр бол тухайн хүний сонирхол, хэрэгцээ, сонголт учраас хүндэтгэх хэрэгтэй. Нөгөө талаар ажиллах орчин нөхцөлийг дээд зэргээр бүрдүүлчихсэн, хүний хөдөлмөрийг бодитоор үнэлдэг оронд ажиллахын тулд л гадаад руу явдаг. Жишээлбэл, өндөр хөгжилтэй оронд сувилахуйн технологийг олон талаар хялбарчилчихсан. Манайд одоо сувилагч нар ажлаа дуусгаад, орой нь хэчнээн олон төрлийн бичиг баримт бөглөдөг гэж санана. Тэгж суухгүйгээр маш хурдан буюу явангаа нэг хүний бичиг баримтыг хоёр минутад бөглөчихдөг хялбаршуулсан, хүндээ чиглэсэн бодлоготой орчинд л тэд ажиллахыг хүсээд байна. Ингэснээр чөлөөт цаг их гарч, түүнийгээ суралцахад, өөрийгөө хөгжүүлэхэд, гэр бүлдээ зориулахад, эсвэл дахиад өөр ажил хийхэд ч зарцуулах боломжтой. Жишээ нь, АНУ-д ажилладаг монгол сувилагчид бий. Тэд үндсэн ажлаа хийж дууссаны дараа чөлөөт цагаа өөр ажил хийж, орлогоо нэмэгдүүлэхэд зарцуулдаг юм билээ. Манай сувилагч нар ийм орчныг л хүсээд гадаад руу яваад байна.