“Болор цом -29” наадамд оролцох яруу найрагчдыг уржигдраас бүртгэж эхэлжээ. Утга зохиолын хүрээнийхний хүсэн хүлээдэг уг наадмын зохион байгуулагчид энэ сарын 30-ныг дуустал найрагчдын шүлгийг хүлээн авах юм байна. Энэ талаар тодруулахаар МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Г.Мөнхцэцэгтэй өчигдөр 15.00 цагт утсаар холбогдлоо.
-“Болор цом”-ын бүртгэл энэ жил яагаад эрт эхэлж байгаа юм бэ?
-Өнгөрсөн жилээс эхлээд “Болор цом” наадмыг арванхоёрдугаар сарын аравдаар болдог Утга зохиолын өдрүүдийн хүрээнд зохион байгуулахаар болсон. Энэ жил Архангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран, арванхоёрдугаар сарын 10, 11-нд Уран үсгийн чуулган, Утга зохиолын өдрүүдийг зохион байгуулна. Энэ үеэр 29 дэх “Болор цом”-ын эзнийг тодруулна.
-Хөдөө орон нутагт зохиогдох учраас нэлээд өргөн хүрээ хамрах байх. Энэ удаагийн наадамд хэчнээн хүн оролцох бол?
-Энэ сарын 30-ныг хүртэл бүтээлийг хүлээж аваад, эхний хоёр шатны шалгаруулалтыг хотод хийнэ. Эндээс шүүгчдид наадамд оролцох 30 яруу найрагчийг шалгаруулдаг шүү дээ. Дээрээс нь “Болор цом”-ын эзэд болоод ардын уран зохиолч, төрийн шагналтнууд урилгаар оролцоно. Ерөнхийдөө ирэх сарын 5 гэхэд оролцогчдын нэр тодорхой болно. Ямар ч гэсэн 60-70 хүн оролцоно гэж бодож байгаа шүү.
-Та өөрөө энэ жил “тоосоо өргөх” юм биш биз?
-Үгүй ээ. Зохион байгуулж байгаа учраас оролцохгүй.
-Шүүгчдийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгох вэ?
-Одоохондоо энэ талаар мэдээлэхэд арай эрт байна. МЗЭийн Удирдах зөвлөл, Яруу найргийн үндэсний төв хуралдаж, шүүгчдийн бүрэлдэхүүнд хэчнээн хүн, хэн хэн байхыг шийднэ.
Л.ГАНЧИМЭГ