-Яагаад жүжигчний мэргэжил сонгож, эзэмшсэн юм бэ?
-Жаахан охин байхаасаа л дуулдаг, бүжиглэдэг, хөгжим тоглодог, бүгдийг чаддаг хүн болохыг хүсдэг байлаа. Намайг наймдугаар ангид орсон жил эгч минь “Сити” их сургуулийн жүжигчний ангийн оюутан болсон юм. Тэр үеэс дуу, бүжиг, хөгжим гээд бүгдийг хийх мэргэжил бол жүжигчин юм байна гэдгийг илүү ойлгосон. Хичээлээ тараад л эгчийнхээ сургууль руу явдаг, жүжигчний ангийн оюутнуудыг харж суудаг байв. Тэгж явсаар дунд сургуулиа төгсөөд СУИС-д биш, шуудхан л “Сити”-д орохоор шийдсэн. Нэгдүгээр дамжаандаа есдүгээр сарын 1-нд сургуулийнхаа нээлтийн ёслолд дуулж байлаа.
-ОХУ-ын ГИТИС буюу Театрын урлагийн академийн босгыг хэрхэн давав?
-Үлгэр шиг л юм болсон. Сургуулиа төгсөөд үргэлжлүүлж сурна гэж боддог байв. Хоёрдугаар дамжаанд байхад ОХУ-ын Кемерово хотын Урлагийн их сургуулийн багш Виктор Васильевич Мирошниченко хүүхдүүд шалгахаар ирсэн юм. Дунд сургууль төгсөж буй хүүхдүүдээс гадна СУИС, КУДС гэхчлэн урлагийн сургуулийн оюутнууд ч шалгуулсан. Гуравхан хүүхэд тэнцүүлнэ гэнэ. Эл шалгалтад орсон боловч би тэнцээгүй. Тэр үед Виктор багш “Чи намхан. Тийм ч хөөрхөн биш. Харин авьяас байна. Гэхдээ чи хоёр дахин илүү хичээж байж өөрөөсөө өндөр, царайлаг бусад жүжигчнээс ялгарч чадна” гэсэн. Кемерово хотын Урлагийн сургуульд тэнцээгүй шарандаа түүнээс илүү нэр хүндтэй, чансаа өндөртэй сургуульд заавал тэнцэж суралцана гэж зорьсон юм. Ингээд ГИТИС-ийг төгссөн Б.Баярсанаа багшаасаа эл сургуулийн тухай асууж, судалж эхэлсэн. Дөрөвдүгээр дамжаанд ормогцоо Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (одоогийн “Русский дом”)-өөс зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийг судалж, шалгалт өгөхөөр Москва руу явсан. Өөрийнхөө танилцуулга, бэлдсэн шүлэг, ёгт үлгэрээ оросоор бичээд, галт тэргэнд яг таг цээжлээд л явсан даа. “Тютю”, “Хотулун гүнж” зэрэг киноны гол дүрд тоглосон жүжигчин М.Цэрэндолгор тухайн үед ГИТИС-д сурч байсан юм. Тэрбээр намайг тосон авч, шалгалтад хэлмэрчилж байв. Шалгалтад хамаг л бэлдсэн зүйлсээ үзүүлсэн боловч “Орос хэл сайн сурчихаад дахин шалгуулаарай” гэсэн үг сонсоод л гарсан. Ингээд Монголдоо сургуулиа төгсөөд, хэлний бэлтгэлд суралцахаар дахин Москва руу явлаа. Дараа жил нь дахин ГИТИС-д театр, киноны жүжигчний ангид шалгуулаад, уначихсан. Жүжигчин, найруулагчийн ангид бас шалгууллаа. Бас л уначихлаа. “Ямар нүүрээрээ гэртээ харина даа” гэж бодоод зогсож байтал тухайн үед шалгасан багш “Чи сайн дуулдаг юм байна шүү дээ. Хөгжимт театрын ангид шалгуулаад үз” гэсэн. Ингээд хөгжимт театрын ангид шалгуулж, тэнцээд дуучин, жүжигчин мэргэжлээр суралцаж, тэнхимийнхээ анхны монгол оюутан болж төгссөн юм.
-Жүжигчин болно гэж мөрөөдөх нэг хэрэг. Харин тогоонд нь орж, жаргал, зовлонг нь биеэр мэдрэх өөр. ОХУ-д очсон хойно ямар байдал таныг угтсан бэ?
-Москвад таван жил сурч, амьдарсан. ОХУ-ын Ардын жүжигчин Валерий Борисович Гаркалин гэж театр, киноны алдартай жүжигчин, мундаг багшийн ангид суралцсан. Елена Кузьмина гэх мундаг дуучнаар дуулах ур зүй заалгадаг байлаа. Тэнд өнгөрүүлсэн цаг мөчүүдээ одоо бодоход яг л амттай зүүд мэт санагддаг. Яагаад ч юм бэ, шантрах, нутаг буцмаар санагдах биш, харин ч аз жаргалтай байсан. Нэг, хоёрдугаар дамжаандаа шилдэг оюутнаар шалгарч, багш нараасаа дандаа урмын үг сонсдог байв. Ангийнхан маань ч надаас “Монголд жүжигчний уран чадварын хичээлийг яаж заадаг вэ. Багш нарынхаа юу заасныг бидэнд хэлж өгөөч” гэж их сониучирхдаг байлаа. Оюутан байхад Валерий багш минь Хятад руу аялчихаад Монголоор дайрч ирсэн юм. Монголын тал нутаг, уулс руу хараад “Миний жижигхэн монгол охин энд л төрсөн байх даа” гэж бодсоноо надад хэлсэн. Харамсалтай нь, багш минь өнгөрсөн онд коронавирусийн улмаас өөд болсон. Маш мундаг атлаа эгэл даруухан зантай, сайхан хүн байсан даа.
-Монголдоо ирээд ажлын гараагаа хаана эхэлсэн бэ. ОХУ-д суралцаад ирсэн хүнд эндхийн ажиллах арга барилын ялгаа ажиглагдаж байгаа биз дээ?
-Оюутан байхдаа амралтаараа нутагтаа ирж, “Сити”-гийн оюутнуудад мастер хичээл заадаг байлаа. Тийм ч болохоор тус сургуулийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Ц.Байгалмаа багш үргэлжлүүлэн багшлах санал тавьсан юм. Мэдээж ажиллах арга барилын хувьд ялгаа бий. Түүнийг энд ажилласан цөөхөн уран бүтээлийнхээ үеэр ажигласан.
-Сургуулиа төгсөөд удаагүй залуу хүн уран бүтээл хийхээс багшлахыг илүүд үзсэн нь ямар учиртай вэ?
-Сургуулиа төгсөөд ирсний дараа багшлах санал тавихад нь татгалзаагүй. Багшлах арга зүй дутмаг ч сурсан, мэдсэнээ бусадтай хуваалцах боломж учраас ажилдаа дуртай. Үүнийхээ хажуугаар мэргэжлээрээ ажиллаж, аль алийг нь цалгардуулалгүй хослуулахыг хичээж байгаа. Сургуулиа төгсөж ирээд сар гаруйхан болж байхад найруулагч М.Батболд ах холбогдсон. Тэрбээр “Орфей” хэмээх шинэ театр болон Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжиг тавих гэж буй тухайгаа хэлээд туслах найруулагчаар ажиллах санал тавьсан. Мөн ОХУ-ын ГИТИС-ийг төгссөн найруулагчтай хамтран ажиллах учраас энэ боломжийг алдахыг хүсээгүй. Дөнгөж төгсөөд ирсэн миний талаар сонссон, судалсан байхыг мэдэх сайхан санагдсан. Хэн ч тоохгүй, сонирхохгүй бол гунигтай шүү дээ.
-Тус театрын дараагийн уран бүтээлд мөн ажилласан уу?
-Өнгөрсөн зургадугаар сард хүүхэд, багачуудад хүргэсэн “Мэлхий гүнж” орос ардын үлгэрээс сэдэвлэсэн жүжгийг Оросын найруулагч Никита Калмыков найруулахад би мөн туслах найруулагчаар нь ажилласан. Сүүлийн нэг жилийн дотор ажилласан хоёр уран бүтээлээсээ маш их зүйл сурлаа.
-ОХУ-д байхдаа ямар уран бүтээлүүдэд тоглосон бэ?
-Б.Брехтийн “Гуравхан зоосны дуурь” жүжиг, дараа нь “Манай кафе” хөгжимт жүжиг, мөн “Хил дээрх байшин” абсурд жүжигт тоглосон.
-Европын жүжигчидтэй ази, тэр дундаа монгол жүжигчин хамтран тоглоход үзэгчид хэрхэн хүлээж авдаг бол?
-Намайг монгол гэж хэлэхгүй л бол мэдэхгүй. Ихэнхдээ буриад, эсвэл якут хүн л гэж хардаг. Зарим нь хятад хүн үү, солонгос уу ч гэж асууна. Харин монгол гэж мэдэхээрээ бүр ч илүү сонирхдог. Өнгөрсөн зун би Москва руу аялахдаа сургуулиараа зочилсон. Түрүүн хэлсэн дээ, би ГИТИС-ийн эл тэнхимийг төгссөн анхны монгол гэж. Энэ жил манай тэнхимд Билгүүн гэж залуу элссэн юм билээ. Бүх багш түүнийг “Ёстой мундаг хүү” гээд л магтахыг сонсоод сайхан санагдсан. Би тус сургуульд сурах хугацаандаа үнэхээр хичээж, бас ч үгүй сайн оюутнуудын тоонд багтдаг байлаа. Миний дараа ирсэн оюутан мөн л чадварлаг учраас багш нарт Монголын тухай эерэг сэтгэгдэл төрүүлж, цаашид манай оюутнуудыг элсүүлэхэд ч нааштай хүлээж авах болов уу.
-Жүжгийн төрлүүдийг сонирхож судалдаг уу. Ямар төрөлд илүү дуртай вэ?
-Сонирхдог. Ялангуяа абсурд жүжигт их сонирхолтой. Абсурд жүжигт тоглоод зогсохгүй найруулах сан гэсэн мөрөөдөлтэй.
-Дэлгэцийн уран бүтээлд ажиллаж амжсан уу. Энэ төрлийн уран бүтээлийн санал ирж байна уу?
-Киноны гол дүрд тоглож үзээгүй. Оюутан байхдаа “Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч”, “Миний нууц” болон “Морьтон” энтертайнментын “Хараал” зэрэг кинонд туслах дүрд тоглосон. Дэлгэцийн уран бүтээлийн санал мэр сэр ирдэг л юм. Одоогоор нэг киноны санал ирсэн ч ажиллах, эсэхээ шийдээгүй байна.
-Танд тоглохыг хүсдэг жүжиг, кино, шунаж дурладаг дүр бий биз. Мөн жүжиг, кино болгож амилуулаагүй сор зохиол олон бий. Энэ зохиолын тэр дүрд тоглох сон гэж хорхойсдог нь байдаг уу?
-Тоглох сон гэж чин сэтгэлээсээ хүсэж мөрөөддөг ганц л дүр бий. Тэр нь алдарт Ж.Пуччинийн “Эрвээхэй хатагтай” дууриас сэдэвлэсэн “Бродвей” театрын “Мисс Сайгон” мюзиклын гол дүр болох Ким. Дэлгэцийн уран бүтээлийн тухайд адал явдалт, тулаант төрлийн кинонд маш эрч хүчтэй, зоримог, эрэмгий эмэгтэйн дүрд тоглохыг хүсдэг.
-Одоо “Улаанбаатар” театр (хуучнаар нийслэлийн “Улаанбаатар” чуулга”)-т мөн ажиллаж буй гэсэн үү?
-Тус театрт жүжигчнээрээ ажиллаж байгаа. Өнөө жилийн үзвэрээ “Үйлсийн сайн Улаанбаатар” хөгжимт жүжгээр нээх гэж буй. Эл жүжгийн гол дүрд тоглохоор сургуулилалтаа базааж байна.
-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа хуваалцаач?
-Өөрийн сургалтын төвтэй болохоор зорьж байна. Сургуулийн сурагчид болон зарим их, дээд сургуулийн оюутнуудад ярих урлагийн хичээл заах юм. Түүнчлэн цаашид урлагийн сургуульд элсэн суралцах, жүжигчний мэргэжил эзэмших хүсэлтэй хүүхдүүдийг бэлтгэх зорилготой. Ин-гэхдээ мэдээж өөрийн сурсан ГИТИС-ийн арга барилаар заана. Би Баянхошуунд буюу Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийг төгссөн. Хотын захын, тэр дундаа алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд төрөлжсөн сургалт, дамжаанд хамрагдах боломж хомс байдаг. Би өөрөө ч үүнийг мэдэрч өссөн. Тийм ч учраас эл сургалтын төвөө хотын захын сургуулиудад эхлээд байгуулах бодолтой байгаа. Амьдралын бололцоо муутай хэдий ч үнэхээр авьяастай, түүнийгээ хөгжүүлэх хүсэлтэй, урлагийн мэргэжилтэй болох чин зорилготой хүүхдүүдийг дэмжмээр байна.