Засгийн газраас баталсан “Төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлого”-ын хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж эхэлснээ Зээлийн батлан даалтын сангаас мэдээллээ. Тодруулбал, 21 аймаг, нийслэлийн төвийн дүүргүүд болон Налайх, Багахангай, Багануурт зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдахад урьдчилгаа төлбөр нь хүрэлцэхгүй байгаа иргэдэд уг төлбөрийн 60 хүртэлх хувийн хэмжээнд батлан даалт гаргах юм байна. Батлан даалттай зээлд хамрагдах иргэд нь Монголбанкны Орон сууцын ипотекийн санхүүжилтийн журмын шаардлагыг хангасан, мөн урьдчилгаа төлбөр дутуу, эсвэл барьцаа хөрөнгөгүй байх юм. Одоогоор Төрийн болон “Капитрон”, “Богд”, Худалдаа хөгжлийн банк нь дээрх сантай хамтран ажиллаж буй бөгөөд иргэд зээл авах боломжтой, эсэхээ судлуулж болох аж.