Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Үүнд Европын орнууд болон Австрали, Шинэ Зеланд зэрэг улс багтаж буй юм. Уг шийдвэртэй холбоотойгоор цахим виз олгох улсын жагсаалтыг шинэчилж, 99 орны иргэдийг хамруулахаар болсныг Гадаадын иргэн, харьяатын газраас өчигдөр мэдээлэв. Уг жагсаалтад багтсан 99 орны иргэд нь манай улсад зочлохдоо аялал жуулчлалын “К2”, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох “К4” ангиллын 30 хоногийн визийг цахимаар мэдүүлэх боломжтой. Мөн дамжин өнгөрөх буюу “К6” ангиллын 10 хоногийн визийг ч цахимаар мэдүүлэх юм байна. Гадаадын иргэн, харьяатын газар 2021 оны аравдугаар сараас анх цахим виз олгож эхэлжээ. Түүнээс хойш 9000 гаруй иргэн цахим виз авсан гэнэ. Гадаадын иргэд өмнө нь манай улсын визийг мэдүүлэхийн тулд заавал дипломат төлөөлөгчийн газруудад биечлэн очдог байжээ. Тэгвэл ирэх жуулчдад тулгардаг энэ мэт хүндрэл чирэгдлийг бууруулах зорилгоор цахим виз олгох орны тоог нэмжээ. Тухайн иргэн evisa.mn цахим системд хандан виз мэдүүлэх бөгөөд хүсэлтийг нь 48 цагийн дотор шийдвэрлэх аж.