Блиц
* Земфира Талгатовна Рамазанова
* 1976 оны наймдугаар сарын 26-нд төрсөн (35 настай)
* Поп-рок, альтернатив рок дуучин, хөгжимчин, ая зохиогч, яруу найрагч
Цомгууд
* “Земфира” (1999 он)
* “Намайг уучлаарай миний хайр” (2000 он)
* “Аниргүйн 14 долоо хоног” (2002 он)
* “Вендетта” (2005 он)
* “Баярлалаа” (2007 он)
* “Z-Sides” (2010)
Түүний сэтгэл рүү өнгийвөл... Юу олж харахыг тэр өөрөө ч мэддэгггүй гэсэн. 1999 он. Хэвлэлийн хурлын үеэр Земфирад асуулт тавин бүчих сэтгүүлчдийг тэр анзаараагүй мэт чимээгүй зогссон. Дараа нь башкир хэлээр юу ч юм бувтнаад гарч одно. Мөнөөх л хар хувцас, танил үс, гартаа барьсан янжуур. Оросын шоу бизнест хөл тавьснаас хойших 13 жилийн хугацаанд дуучин Земфира таван цомог гаргаж амжжээ.
Төгс төгөлдрийг эрэлхийлэгч гэдгээ хүлээн зөвшөөрдөг тэрбээр дуу, хөгжимчид, шүлэг, тайзны засалт гээд уран бүтээлч хүнийг илэрхийлж болох бүхэнд өөрөө оролцоно. Магадг үй ийм ч учраас хамт ажиллаж байгаа хүмүүсээ шүүмжилж, тэдэнтэй үг зөрдөг гэсэн. ...Бүр сургуульд ороогүй байхдаа тэрбээр авьяаслаг, ухаантай, чадварлаг гэдгээрээ бусдаас ялгардаг байжээ. Татар, башкир цустай, дуулдаг, хөгжим тоглодог, Оросын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн ахлагч байсан, Москвагийн их сургуулийн гүн ухааны факультетаас “зугтаж” чадсан... Земфира. Баруун мөрөн дээрээ “Z” үсэг шивээстэй, ганцаардмал, бусдаас нуугдахыг хүсдэг гэмээр энэ дуучин 1976 онд Уфа хотод төржээ.
Анхны цомгоо гаргасан даруйд нь түүнийг “Мумий Тролль” хамтлагтай харьцуулж байв. “Radiohead”, “Queen”, “Deep Purple”, “Аквариум”, “Кино”-г сонсох дуртай Земфира дуулах, хүмүүстэй харилцах өөрийн гэсэн өнгө аясыг бүрдүүлж, олон зүйлийг илэрхийлж болох чамин үгс, аялгуугаар жирийн амьдрал, бас тэр жирийн амьдралаас зугтахыг, нуугдахыг хүссэн хэн нэгнийг илэрхийлж чадсан гэж зарим нь өгүүлдэг.
-Амьдралын утга учир аа? Чи ямар хачин юм асуудаг юм бэ? Чи өөрөө энэ юу гэдгийг мэдэж байна уу? Аан, чи түүнийг эрж л явна гэж үү. Эрээд хайгаад олбол надад бас хэлээрэй. “Земфирагийн доторх ногоон театр” кино. Яг үнэндээ, кино биш байж мэднэ. Олон зүйлийн талаар ярилцаж суугаа Земфира, Рената Литвинова хоёр. Концерт, дуу. Тэгээд л болоо. Хүмүүсийг, хотыг, өөр бас юуг ч юм Земфира тодорхойлж, дүгнэж хэлэх дургүй гэсэн.
Шинэ зууны хамгийн шилдэг 100 дууны жагсаалтад Земфирагийн хоёр бүтээл багтаж, телевиз, радио, хэвлэлийнхэн түүнийг л “ангуучилдаг”- ийн нууц нь түүний уран бүтээлд биш, харин өөрийнх нь бий болгосон хэв маягт оршдог хэмээн хөгжим судлаачид дүгнэх нь бий.
Х.ОД