Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 тавдугаар сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав. Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
Өнөөдөр импортын цемент 20 хувийн татвартай байгаа бол засгийн газрын хуралдаанаас гаргасан тогтоолоор импортын цементийн татварыг таван хувь болгож тогтоохдоо ямар нэгэн байдлаар хугацаа, хэмжээ тавиагүй аж. 2022 онд дотоодын цементийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийнхээ хувь хэмжээг хэрэглээнээс илт багасгасан. Маш богино хугацаанд буюу гуравхан сарын дотор цементийн үнэ гурав дахин нугарч байсан. Энэхүү эрсдэлийг бий болгохгүйн тулд дээрх шийдвэрийг гаргасан гэж ЗХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. Тэрбээр "Барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт цементийн эрэлт, хэрэгцээ маш их байгаа. Тийм учраас импортын цементийн татварыг таван хувьд аваачсанаар дотоодод үнийн хөөрөгдөл бий болгохгүй байх нөхцөлийг хангах юм" хэмээв.