БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Замын-Үүд боомтод ажиллахаар болов. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд, тэр ч байтугай Улаанбаатараас ажил хэрэг болгон очсон УБТЗ-ын холбогдох албаныхнаас нэг ч хүнийг хилийн цогцолборт ойртуулсангүй. Хилийн төмөр замын асуудал болохоор нууцалсан биз. Хамгийн “гоё” нь Ван И Замын-Үүдэд Ганцмод-Гашуунсухайтын асуудлыг ярилцах үеэрээ Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд онцгой анхаарч байгаагаа илэрхийлээд, тохирсон ёсоор хөрөнгө оруулаад, ирэх хавраас бүх ажил эхэлнэ гэчихэж.
Ингээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын голлох төслүүдийг урд хөрш нуруундаа үүрч дэлхий дахинд харуулах нь. БНХАУ-ын дарга Монголын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч ирж гэмээнэ дээрх хоёр том шийдвэрээр бэлэг барих бэлтгэлийг тус улсын Гадаад хэргийн сайд ийнхүү хангав бололтой. Энэ юуны дохио вэ. Холын зайд нь таамаглаваас Ван И Монголд ирэхээсээ хоёр хоногийн өмнө Санкт-Петербург хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан. Энэ үеэр В.Путин Ван И сайдаар дамжуулан ирэх сард Казаньд болох БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ыг урьсан юм. Стратегийн түншлэл талаасаа хэрэв манайхыг БРИКС-т уривал ШХАБ-аас хавьгүй зөв сонголт гэж ажиглагчид үзэх нь ч бий. Одоогоор энэ талаар Монгол Улсад ямар нэг санал тавиагүй бөгөөд Халхын голоор “овоглосон”, хоёр хөршийн Төрийн тэргүүнүүдийн айлчлалаас ийм “сүрчиг” сэнгэнээд удаж байна.
Хамгийн гол нь Монголын Засгийн газрын зарласан, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төслүүд урагшлах нь л чухал бөгөөд сайн мэдээ мөн. Ямартай ч Замын-Үүдэд болсон яриа хэлэлцээ ярвигтай, амаргүй нөхцөлд өрнөсөн боловч эцсийн дүндээ Хятадын тал Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын ажлыг бүрэн санхүүжүүлж ашиглалтад оруулна гэдгээ, Эрдэнэбүрэнгийн УЦС дээр өмнө нь тохирсон хөрөнгө оруулалтаа хийгээд, ирэх хавраас бүх ажлыг эхлүүлэхээр тохирсон байна. Засгийн газраас УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд нэг тонн тутмыг 129 ам.доллароор тооцон 83.3 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан.
Өнөөдрийн тулгамдсан асуудал бол Гашуунсухайт-Ганцмод гэгч хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гацааг арилгах нэн шаардлагатай болчхоод байгаа нь юм. Үүнд “Нүүрсээ урт хугацаагаар худалдах, худалдан авах гэрээ байгуулах бол асуудалгүй. Харин оффтейк гэрээг байгуулахгүй” гэдгийг УИХ-ын 2023 оны долоодугаар сарын 7-ны 68 дугаар тогтоолоор баталчихсан. “Чайна энержи” бол төмөр замын биш, эрчим хүчний компани бөгөөд манай нүүрсийг олборлох, худалдах, төмөр замаар тээвэрлэх асуудлыг цогцоор нь гартаа авах хүсэлтэй. Манай хуулиудад тэр нь харш. Мэдээж гол ач холбогдол нь хилийн боомт дахь ачаа тээврийн урсгалыг сайжруулах, нүүрсний экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилготой. Үүнийг шийдэхийн тулд 1955 оны Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлэх шаардлагатай. Эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлье гэвэл УИХ үүн дээр дэмжлэг үзүүлэхээс аргагүй айгаа юм.
Гашуусухайт-Ганцмодны төмөр зам яагаад холбогддоггүй вэ. Анх 2007-2008 он буюу Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үеэс “Тавантолгойг 100 жилээр гаднынханд өгнө” гээд, үүнд нь урд хөрш итгээд “Шиньхуа” компани нь манай хил хүртэл төмөр зам бариад, зардал гаргачихсан. Гэтэл манай тал нарийн царигийн төмөр зам бариулахгүй гээд бүх тохиролцоогоо цуцлаад өөрсдөө өргөн царигийн төмөр зам барина гэчихсэн. Энэ будилаан л үргэлжлээд байгаа юм. Намрын чуулган эхлэхэд ажлын хэсгийнхэн буюу УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар “Чайна энержи”-гийнхэнтэй очиж уулзаад УИХ-д дахин танилцуулахаар төлөвлөөд байсан юм. Энэ нөхцөл байдалд Ван И сайдын ажлын айлчлал хэр түлхэц өгсөн нь сонирхолтой.
Ингээд 10 гаруй жилийн өмнө төмөр замаа барьсан “Шиньхуа” одоогийн “Чайна энержи” рүү төмөр замаа шилжүүлж эзэмшүүлсэн. Тэдний тавьсан нарийн, манай өргөн төмөр замууд координатын хувьд ч, газрын байршлын хувьд ч зөрүүтэй болсон учраас Монголын талаас “Тавантолгой төмөр зам”, Хятадын талаас “Чайна энержи” хоорондоо гэрээ хийж тохироод зөрүүг “Чайна энержи” барьж байгуулж холбоё гээд дээрх гурван болзлыг тавьдаг. Тиймээс УИХ-д танилцуулж зөвшөөрөл авч байж гэрээ хийхгүй бол болохгүй гэж Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ гэрээ шийдэгдвэл Хятадын тал ажлаа эхлэхэд бэлэн байдалтайгаар Ван И-г угтсан хэрэг л дээ.
Адармаатай нь, Гашуунсухайт-Ганцмодыг эхлээд холбож байж бусад боомт холбогдоно. Харин Гашуунсухайт-Ганцмод, Сэхэ-Шивээхүрэн, Ханги-Мандал гэсэн төмөр зам оччихсон бэлэн гурван төсөл маань холбогдож байж манай нүүрсний экспортын хэмжээ 100 сая тоннд хүрнэ. Тэгэхээр бид яах аргагүй л Хятадын талаас хариуцаж хийх “Чайна энержи” компанийг “сонсох” болчхоод байна. Өөрөөр хэлбэл, монголчууд хэлсэндээ хүрээгүйгээс болоод энэ төсөл 10 гаруй жил гацаж, одоогоос хоёр жилийн өмнө бид угтуулж төмөр замаа барьсан боловч нэлээд зөрсөн. Хоёр талын хил дээр одоогоор нэг талд 10 км, нөгөө талд нь 600 метр зай үлдсэн. Энэхүү зөрсөн нэмэлт ажлыг гүйцэтгэхийн тулд 700-800 сая ам.доллар зарцуулах юм. Үүнийг “Чайна энержи” хийхийн тулд 3-4 болзол тавьдаг.
Үүнд нэмэлт зардал болох 700-800 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний олборлолтоо “Чайна энержи” өөрсдөө хийнэ. Хоёрдугаарт, олборлосон нүүрсээ өөрсдөө тээвэрлэнэ. Ингэхдээ гэрээ байгуулсан тохиолдолд Ганцмод боомтын нүүрс буулгалтын талбайд хүлээн авах сонирхлоо ч бас илэрхийлж байсан. Гуравт, одоо манай зарж буй биржийн үнээс 5-6 хувиар хямдруулж авна гэсэн болзол тавьдаг. Энэ гурван болзлыг биелүүлэхгүй бол Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам холбогдохгүй. Уг төмөр зам холбогдохгүй бол Сэхэ-Шивээхүрэн, Ханги-Мандал холбогдохгүй. Ийм л “ацан шалаа”-нд орчхоод байгаа юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компаниас 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд “Чайна энержи”-гийн Монгол дахь төлөөлөгч Жин Ге нартай болон тэдний талынхантай хийсэн ярианы тэмдэглэлүүдээс харахад манай тал “гэрээнээс тусдаа” 300 сая ам.долларын урьдчилгаа төлбөр төлж, “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжтой” гэсэн санал авч байсан удаатай юм билээ.
“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн хувьд Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын хил огтлох цэг болон өндөржилтийг тохирсон 2016 оны тавдугаар сард манай улсын талаас Зам, тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, БНХАУ-ын Төмөр замын товчоо, Төмөр замын ерөнхий компанийн хэмжилтийн байгууллагын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж байгуулсан удаа дараагийн протоколууд байдаг. Үүнийг Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ны 446 дугаар тогтоолын дагуу Монголын талын ГХЯ-ны 2022 оны хоёрдугаар сарын 1-ний А/22-103 ноот бичиг, Хятадын талын 2022 оны нэгдүгээр сарын 30- ны Хил №4 ноот бичгээр дахин баталгаажуулсан. Гэтэл Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын асуудал хэвээрээ байв. Харин энэ удаад Ван И нэг өдөр Замын-Үүдэд ажилласнаар “алдагдсан боломж” ярьж гомдоллоод байгаа асуудлыг Монголын талын ачааны машинаас бусдаар нүүрсээ экспортолж чаддаггүй гацаатай хамтад нь шийдэв. Үүгээр зогсохгүй Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ирэх хавраас эхлэн эргэлт буцалтгүй эхлэхээр “тамгалчхаад” явлаа.
У.Оргилмаа