Үндэсний статистикийн хороо энэ оны наймдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг маргааш олон нийтэд танилцуулах бөгөөд үүнээс гадаад худалдаа, мөнгөний нийлүүлэлт, улсын нэгдсэн төсөвтэй холбоотой зарим статистикийг урьдчилан мэдээлээд байна. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ оны эхний найман сард урьдчилсан гүйцэтгэлээр 19.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 30.4 хувиар өссөн бол тэнцвэржүүлснийх нь 29.3 хувиар дээшлэн 18.9 их наяд болжээ. Харин зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 17.3 их наядад хүрснээр улсын нэгдсэн төсвийн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарав. Татварын нийт орлого өнгөрсөн оныхоос 29.9 хувиар (17.7 их наяд) хувиар өссөн бөгөөд үүнд орлогын албан татвараас төвлөрүүлсэн хөрөнгө 57.3, онцгой албан татварынх 37.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Манай улс 1-8 дугаар сард 155 улстай худалдаа хийснээр нийт бараа эргэлтийн мөнгөн дүн 18.1 тэрбум ам.долларт хүрэв. Импорт, экспортын зөрүү буюу худалдааны тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан аж. Экспортын орлого өсөхөд зэсийн баяжмал, хагас боловсруулсан алт гол нөлөө үзүүлжээ. Харин импортын бараа эргэлтийн орлого нэмэгдэхэд суудлын болон ачааны автомашин, дизелийн түлшний нийлүүлэлт нөлөөлсөн байна. Мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст41.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 27.3 хувиар өсжээ. Төгрөгийн хадгаламж энэ хугацаанд 39.8 хувиар өссөн бол валютынх 12.7 хувиар буурсан аж.
Н.МИШЭЭЛ