Өнөөдрийн байдлаар Монголд 700 гаруй вьетнам иргэн хөдөлмөрлөх визтэйгээр амьдарч байна. Тэд манай бараг бүх салбарт, гэхдээ олонх нь үйлчилгээний, тэр дундаа авто машин засварын газарт ажилладаг. Засварчид ажлын байрны төлбөр төлдөг ч нийгмийн даатгалд хамрагддаг нь цөөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бараг авдаггүйтэй адил. Мөн засварчид ажилладаг гараашныхаа аль нэг мухарт, оготнын үүр шиг тоосонд дарагдсан саарал оромжид, тэсэхийн аргагүй будаг, бодисын үнэрт 24 цаг амьдарч буй. Тэд гараашнаасаа гардаггүй шахам бөгөөд ажлын алжаал болон будагны хорыг ихэндээ шар айраг, халуун ногоотой хоолоор тайлдаг. Энэ бол Монголд ажиллаж, амьдарч буй вьетнам иргэдийн нийтлэг төрх юм. Өмнөх нийтлэлээрээ бид тэдний аж амьдралын тухай хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа салбарын яам, агентлагийнхан хуулиа хэр хэрэгжүүлдэг, хяналт шалгалтаа хэрхэн хийдгийг тодруулахыг зорилоо.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат тэргүүтэй улстөрчид есдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад айлчилжээ. Манай төлөөлөгчид Вьeтнамын үндэсний ассамблейн Залуу гишүүдийн бүлэг, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдтэй уулзаж, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэх асуудлаар ярилцсанаа нүүр номдоо бичжээ. Өмнө нь энэ оны дөрөвдүгээр сард Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Вьeтнамын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон 70 жилийн хүрээнд харилцан айлчлал хийсэн аж. Өнөө жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд хамтын уулзалт, яриа, хэлэлцээ идэвхжиж буй бололтой. Гэхдээ байзнаарай, өнгөрсөн 70 жилд хоёр орны ялангуяа, тус улсаас ажиллах хүч авах бодлогод хэр анхаарсан, ажилчдынх нь эрх ашгийг хамгаалах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн үйлчилгээ авах зэрэг асуудалд өөрчлөлт оруулсан уу, ямар үр дүн гарсан бэ гэдгийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон, тэдний төлөөлөл болж, УИХ-д жагсаалтаар орсон С.Эрдэнэбатаас асуумаар байна.
Нөгөөтээгүүр, вьетнам засварчид Монгол Улсад суугаа улсынхаа Элчин сайдаа хэн гэдгийг мэдэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, элэг нэгтнүүд нь хэрхэн аж төрж, ажиллах хөдөлмөрлөж буйтай Элчин сайдын яамныхан нь ч төдийлөн анхаардаггүй бололтой юм билээ. Хамгийн гол нь тэднийг эрүүл аюулгүй байдлыг хангах учиртай ажил олгогчид, хууль дүрмийг хэрэгжүүлэх хянах шалгах үүрэгтэй төрийн албаныхан ажлаа төдийлөн сайн хийдэггүйг сурвалжилгын явцад мэдсэн билээ.
Сэдвээсээ жаахан халихад жилийн өмнө МУИС-ийн II дамжаанд сурдаг, вьетнам оюутан бусдад дээрэмдүүлж, элдэвлүүлж, хүчингийн хэргийн золиос болсон. 18 настай вьетнам охиныг хүчиндсэн гэх гурван этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сарын өмнө болсон. Уг шүүх хуралд Монгол Улс дахь Вьетнам улсын Элчин сайдын яамнаас төлөөлөл оролцоогүй, оролцохгүй гэдгээ бичгээр үйлдэж үлдээсэн гэсэн. Нэгэнт тус улсын Элчин сайдын яамныхан оролцоогүй тул Монголын талын өмгөөлөгч ч гэсэн уг шүүх хуралд оролцоогүй аж. Про Боно буюу үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх улсын өмгөөлөгч нэгдүгээрт, хохирогчийн утасны дугаар холбогдохгүй, хоёрдугаарт, оршин суухаар тэмдэглүүлсэн хаягтаа байгаагүй, гуравдугаарт, хохирогч шүүх хуралд ирэхгүй учраас хавтаст хэрэгтэй нь ч танилцаагүй хэмээн хэлсэн. Хохирогчийн хувьд “Гэмт хэрэгтнүүдийг дахин харахыг хүсэхгүй байгаа учраас шүүх хуралд оролцохгүй” гэжээ.
ТЭД ЯАГААД ХҮЛЦЭН ТЭВЧДЭГ ВЭ?
Вьетнамд хөдөлмөрийн үнэлэмж, ажлын хөлс харьцангуй бага. Мөн 100 сая орчим хүн амтай тус улсад хөдөлмөрийн зах зээл өрсөлдөөн ихтэй. Өөрсдийнх нь хэлснээр ажил олдохгүй шахам гэсэн. Тэнд ерөнхий боловсролын сургууль төгссөн, бүрэн дунд боловсролтой иргэн сард дээд тал нь монгол мөнгөөр 1.4 сая төгрөгийн цалинтай. Нутагтаа нэг машины гуперыг 50 мянгаар засдаг бол энд 250-300 мянган төгрөгийн ханштай. Монголд ажиллаж буй засварчид сард багадаа 2-10 сая төгрөгийн цалин авдаг. Засварчид дор хаяж 1-3 хүүхэдтэй гэдгээ хэлж байв.
Бидний уулзсан засварчин Нгуен цалингаа аваад шууд ар гэрийнхэндээ явуулдаг. Учир нь, эхнэр нь хүнд өвчтэй. Бас 2-16 настай гурван хүүхэдтэй. Ажлын захад хүрээгүй хүүхдүүдтэй тул тэрбээр аль болох их мөнгө олохын төлөө өдөр, шөнөгүй ажилладаг. Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэсэн зүйлийн тухай бодох сөхөөгүй, маш шаргуу хөдөлмөрлөдөг. Мөн өөрийгөө Чу овогт гэж танилцуулсан засварчин гэрлээд удаагүй байхдаа Монголд иржээ. Тулгар биетэй эхнэрээ орхиж ирээд хэдийн гурван жил болсон. Нялх үрээ тэвэрч, үнэрлэж амжаагүй яваа. Тиймээс хөдөлмөрийн нөхцөл хүнд, эрүүл мэндэд халгаатай эсэх нь хамаагүй, ахиу мөнгө олж, хурдхан харих хүсэлтэй. Энэ мэтчилэн хүн бүрт өөр өөрийн зовлон, жаргал тээн Монголд ажиллаж амьдарч байна. Ер нь тэд их гэр амьтай аж. Монголд цаг агаар, хоол хүнс таарахгүй, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй, эхэндээ хэцүү байдаг ч ар гэрийнхэндээ мөнгө явуулахын тулд бүхнийг тэвчдэг. Ядарснаа мартдаг. Төрөлх нутгаа, гэр орноо, үр хүүхдүүдээ маш их санаж буйгаа дор бүрнээ хэлж байв. Тиймээс сардаа гар утсандаа ахиу дата авч, видео дуудлага хийж ярьдаг хэмээн өгүүлсэн.
АЖИЛ ОЛГОГЧДЫН ЦӨӨНГҮЙ НЬ ВЬЕТНАМ ИРГЭН
Авто засварын тав, бүр 10 салбартай монгол хүн бий. Бүр 30 орчим салбартай вьетнам гэр бүл ч байдаг гэх. Тэдэнтэй уулзахаар 3-4 удаа сураглаж очсон ч авто засварын газруудаа тойрч яваа гэх шалтгаанаар тухай бүртээ хоосон хаалга мөргөсөн юм. Ер нь вьетнам эзэнтэй засварын газар цөөнгүй. Эзэд өөрсдөө байртай, машинтай. Зарим нь монгол эхнэртэй. Хүүхдээ Вьетнамд их, дээд сургуульд сургадаг. Гэсэн ч элэг нэгтнүүдээ Вьетнамд ажлын байр олддоггүй нэрийдлээр энд цалин хөлс багатай ажиллуулж, амьдрах нөхцөлийг нь хайхралгүй орхидог нь ажиглагдсан.
ХААНА, ХЭРХЭН МЭРГЭЖЛЭЭ ЭЗЭМШСЭН БЭ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын ерөнхий боловсролын сургуулиудад хөдөлмөрийн хичээлийг маш чанартай заадаг. Тодорхой хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ямар нэг байдлаар мэргэжил эзэмшээд төгсдөг. Энэ жишгээр ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө л авто засварчнаар мэргэшиж төгсдөг. Гэсэн ч эх нутагт нь ажил олддоггүй. Тиймээс вьетнам иргэд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна. Тэдний нэг хэсэг Монголд дээрх жишгээр ажиллаж амьдарч буй. Бүгд л Монголоор аялж, зугаалах нь битгий хэл, цөөнгүй нь төв талбай ч орж үзээгүй хэмээсэн. Жилдээ нэг удаа буюу Цагаан сараар нутаг буцдаг. Энэ нь тэдний хувьд алжаалаа тайлах хэсэгхэн чөлөө, амралт нь аж.
Тэгвэл албаны хүмүүс энэ талаар юу ярьсныг та бүхэнд хүргэе
Х.ЭНХЖАРГАЛ: ЦАР ТАХЛААС ХОЙШ НЭГ УДАА ШАЛГАЛТ ХИЙСЭН
(Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч)
Бид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл авах гэж гурван сарын турш хөөцөлдсөн. Албан бичиг, хүсэлт өгч удаа дараа очсон ч бүтэлгүйтсэн юм. Эцэст нь албаа аваад долоо хонож буй Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Энхжаргалтай цөөн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсад Вьетнамын хэчнээн иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэйгөөр оршин суудаг вэ?
-Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулиар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зөвшөөрөл авсан, Вьетнамаас ажиллах хүч оруулж ирдэг 89 байгууллагынхан 745 ажилчин оруулж ирсэн. Тэдгээрээс 79 компанийн нэр дээр 697 хүн авто засварын газарт ажиллаж байна.
-Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн нөхцөл байдлыг жил бүр шалгах учиртай. Хуулийн эл заалтыг хэр хэрэгжүүлж байна вэ?
-Тус хуулийн V бүлэгт зааснаар эрх бүхий байгууллага жил бүр гадаадын иргэдийг шалгана. ГИХГ, НДЕГ болон манайхаас хамтран шалгах ёстой. Энэ шалгалтыг одоогоор хийгээгүй. Энэ намрын хяналт шалгалтын төлөвлөгөөнд авто засварын газруудыг оруулсан.
-Эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн 12 жилд авто засварын газруудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгаагүй юм биш үү?
-”Ковид-19” цар тахлын өмнө болон дараа нь нэг удаа шалгасан. Сүүлийн 12 жилд ор тас шалгаагүй юм биш. Ер нь ажил олгогч нар нь гэрээний дагуу ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй.
-Тэд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөг үү?
-Эрүүл мэндийн асуудлыг ажил олгогч хариуцах ёстой. Мөн ЭМДЕГ-аас тоон мэдээлэл гарах ёстой. Нийгмийн даатгал бас манайтай хамаагүй.
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цахимжуулалт, мэдээлэл солилцооны нэгдсэн сантай биз дээ. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиа сурталчилдаг уу. Иргэд болоод ажил олгогч нар энэ талаар мэдээлэл багатай юм билээ.
-Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиа хангалттай сайн сурталчилдаг. Орон нутаг, аймагт хуулиа таниулах ажил тогтмол хийдэг. Ажил олгогчид өөрсдөө хариуцлагатай байж, хуулиа уншиж судлах ёстой.
Д.СҮНЖИД: БҮРТГЭДЭГ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ, ХЯНАЛТ ТАВЬДАГ ГАЗРУУД АЖЛАА ХИЙХ ШААРДЛАГАТАЙ
(ХЭҮК-ын дарга)
-Вьетнам иргэдийн энэхүү нөхцөл байдал нь хөдөлмөрлөх эрхийн зөрчил юм. Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Хөдөлмөрлөх нөхцөл хөдөлмөрийн аюулгүй байдлаас гадна амь нас, эрүүл мэнд болоод халдашгүй байх эрх нь шууд хөндөгдөж байна. Тиймээс бүртгэдэг, зөвшөөрөл олгодог хяналт тавьдаг газрууд ажлаа хийгээсэй. Хоёрдугаарт, энэ хүмүүст эрхийг нь таниулах мөлжлөгт өртөхгүй байх гомдол гаргах талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Гуравдугаарт, гарсан зөрчлийг таслан зогсоох нь хамгийн чухал. Аливаа халдлагаас ангид байх хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах, гомдлыг нь шийдвэрлэх шаардлагатай.
М.САРАНЦАЦРАЛ: ВЬЕТНАМ АЖИЛЧИД ХАНДВАЛ ЭРХИЙГ НЬ ХАМГААЛАХАД БЭЛЭН
(МҮЭХ-ны Хүний эрх хуулийн газрын дарга)
Вьетнам иргэд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандах эрх нь нээлттэй. Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцын дагуу тэдний эрхийг хамгаална. Тэднийг илүү цагаар ажиллуулж, бичиг баримтыг хурааж авах нь хуулиар хориотой. Монгол хүн Хөдөлмөрийн тухай болон бусад хууль тогтоомжоор ямар эрх үүрэг хүлээдэг, үүнтэй адил эрхийг гадаадын иргэд эдэлнэ. БНСУ, ОХУ, БНХАУ-ын иргэд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн асуудлаар манайд их ханддаг. Харин вьетнам улсын иргэн хандсан тохиолдол байхгүй.
“АЖЛЫН БАЙРНЫ ДҮГНЭЛТТЭЙ АВТО ЗАСВАРЫН ГАЗАР ХОВОР”
Бид вьетнам засварын газруудаар цөөнгүй жил хяналт шалгалт хийсэн нэгэн албаны эх сурвалжаас товч ярилцлага авсан билээ.
-Монголд ажиллаж, амьдарч буй вьетнам иргэд бичиг баримтгүй байх нь элбэг юм билээ. Энэ нь ямар шалтгаантай юм бол?
-Шалгалтын явцад вьетнам засварчдын паспорт болон оршин суух үнэмлэхийг нь үзье гэдэг. Энд асуудал үүснэ. Нэгдүгээрт, бичиг баримт нь биед нь байдаггүй. Гар утаснаасаа зураг үзүүлэх гэж оролддог. Хоёрдугаарт, хуулиараа гадаад иргэний паспорт эсвэл Монголд оршин суух үнэмлэх биед нь байх учиртай. Биедээ авч явахгүй бол торгуультай. Вьетнам засварын газруудад ажиллаж буй засварчид “Монгол Улсын янз янзын бүлэглэлүүд болон цагдаа нар бичиг баримт хураагаад явчихдаг. Тэгээд дээрэлхдэг, мөнгө нэхдэг, машинаа үнэгүй засуулдаг” гэж хэлдэг. Аваад явчихна гэж айдаг. Тэд голцуу шөнө ажилладаг учраас аливаа халдлагад өртдөг гэсэн. Тэгээд хураахгүй гэж итгүүлж байж үнэмлэхийг нь үздэг. Зарим нь огт гаргаж ирдэггүй. Бичиг баримт нь хаана байна гэхээр “Даргад бий” гэж хэлдэг. Дарга нь монгол хүн байдаг. Ажил олгогчид бичиг баримтыг нь аль болох хурааж авах сонирхолтой. Бас аль ч засварын газраар орсон ажлын байрны дүгнэлт огт байдаггүй. Засварчид ч аль компанийн зуучлалаар ирснээ мэддэггүй.
-Бичиг баримтыг нь хурааж авах нь манай улсын ямар хуулийг зөрчиж байгаа вэ?
- Бичиг баримтыг нь хурааж авснаараа нэгдүгээрт, зорчих эрхийг нь хязгаарлаж байна. Энэ бол албадан хөдөлмөрлүүлэхээс гадна хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй. Ажиллахаа болилоо, нутаг буцлаа гэх эрх тэдэнд бий. Хоёрдугаарт, Вьетнам улсын иргэний паспорт бол Монгол Улсын өмч биш. Вьетнам иргэний өмч ч биш. Вьетнам Улсын буюу төрийн өмч юм. Үүнээс үүдэж хоёр улсын хооронд асуудал үүсэж болно шүү дээ. Вьетнам иргэдийн визийг ажлын тав хоногт визийг сунгадаг. Цахимаар ч сунгаж болдог. Түүнээс нэг сарын өмнө сунгахаар бичиг баримтыг нь хурааж авах ёсгүй. Угаас олон улсын конвенцод зааснаар ажилчдын бичиг баримтыг нь хураах, хэт уртасгасан цагаар ажиллуулах, цалингаар барьцаалах, чөлөөтэй зорчихыг нь хязгаарлах зэргийг хориглодог. Вьетнам ажилчид монгол захиралтайгаа 60/40, 70/30, 20/80 гэсэн харьцаагаар цалингаа тохироод л ажилладаг юм билээ. Ажил олгогчтой нь ярихаар вьетнам засварчид өөрсдийн орлогоосоо ажлын байрны төлбөрөө төлнө, хэрэглэсэн ус, цахилгааны төлбөрөө хариуцна, дээр нь гараашны түрээсээ өгнө, нэмээд хоол ундаа авна. Бас гол зорилго нь учир мөнгөө хураана. Энэ байдлаасаа болоод визээ сар, сараар сунгадаг юм билээ. Жилээр нь визийг нь сунгадаг компани ховор. Хоёр гурван сараар сунгадаг нь цөөн бий.
-Ажиллаж, амьдарч буй нөхцөлийг нь бид харлаа. Арай ч дээ гэмээр байна шүү дээ?
-Ажлын байранд хяналт тавих нь хөдөлмөрийн улсын байцаагчийн үүрэг. Харамсалтай нь, манай ХХҮЕГ-т хөдөлмөрийн улсын байцаагч байхгүй. Олон жилийн өмнөөс л ийм. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд л бий. Гэтэл хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг нь өгдөг чиг үүрэгтэй газар нь агентлаг. 2012 оноос хойш гадаадын иргэнтэй холбоотой олон ч ажлын хэсгийн хуралд суулаа. Хөдөлмөрийн улсын байцаагч оролцохыг хараагүй. Энэ чинь сул тал. Хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлсний асуудал дээр нь хянах шалгах боломжгүй болчихсон гэсэн үг.
БНСУ-д манай улсын 51 000 иргэн албан ёсны гэрээтэйгээр ажил хөдөлмөр эрхэлдэг. Албан бусаар ажилладаг иргэдийг нэмбэл нийт 70 000-д хүрдэг гэсэн тоон мэдээлэл байдаг. Вьетнам иргэдийн нэгэн адил тэд ар гэрээ орхиод алс холд ажиллаж буй. Ялгаатай нь манай улсын иргэд эрхийг нь ямар нэг байдлаар зөрчихөд гомдол гаргаж, эрхээ хамгаалж чаддаг. Тэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, консулын газруудаас гадна Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд хандаж, асуудлаа хэлж ярьдаг, туслалцаа авдаг.
Уг нь манай улсад гадаадын иргэдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Тухайлбал, УИХ-аас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай, Хөдөлмөрийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Мөн Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 1930 оны 29 болон 1957 оны Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцод 2005 онд нэгдсэн юм билээ. Эдгээрт нэгдэн орж, соёрхон баталсны 20 жилийн ой ирэх онд тохионо. Гэвч ажил олгогчид, зарим хуулийн этгээдүүд уг конвенцуудыг дагаж мөрдөх нь битгий хэл, дотооддоо баталсан дээрх хууль тогтоомжоо санаатай, санамсаргүй зөрчсөөр байна. Энэ байдал цааш ужгирах аваас олон улсад Монголын нэр хүнд унаж, гадаадын ажиллах хүчинд халтай улсаар цоллуулах вий. Нөгөөтээгүүр манай улсад мэргэжилтэй, гадаадын ажиллах хүчний шаардлага гарсаар байгаа билээ.
ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА "ХӨДӨЛМӨР" БАГ
Өмнөх нийтлэл, мульти видеог (https://www.unuudur.mn/a/271187), (https://www.unuudur.mn/a/271429) уг холбоос дээр дарж уншина уу