Манай улсад арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс системийн нөлөө бүхий таван банк буюу Худалдаа хөгжлийн болон Төрийн, ХААН, “Голомт”, “Хас” нь 2022-2023 онд IPO гарган, хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлүүлсэн. Энэ нь 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани болгож, реформ хийнэ гэж шийдвэрлэсэнтэй холбоотой. Нээлттэй хувьцаат компани болгосноор хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, салбарын хяналтыг сайжруулж, хөрөнгийн төвлөрлийг бууруулах зэрэг багагүй ач холбогдолтой гэж үзсэн. IPO гаргаснаар дээрх таван банк 5-11 хувийн хувьцаагаа олон нийтэд арилжин, өдгөө нийт хувьцаа эзэмшигчдийнх нь тоо 73 000-аас давжээ. Мөн тухайн үед тэдгээр нь нийт 446.8 тэрбум орчим төгрөг татан төвлөрүүлж байсан бол өдгөө ХААН банкны зах зээлийн үнэлгээ л дөрвөн их наяд төгрөгөөс давсан үзүүлэлтэд хүрэв. Банкнууд IPO хийгээд 3-4 жил өнгөрлөө, цаашид яах вэ.
Манай хамгийн олон хэрэглэгчтэй ХААН банк хувьцааны захиалгаа 2023 оны дөрөвдүгээр сард авсан. Тус банк нийт хувьцааныхаа 10 хувийг олон нийтэд санал болгон, тухайн үед нэгжийг нь 959 төгрөгөөр үнэлсэн. Хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлснээр хувьцаа нь 1102 төгрөгт хүрч, даруй 14.9 хувиар өссөн бөгөөд иргэдээс 183.38 тэрбум төгрөг төвлөрүүлж байлаа. Тэгвэл өчигдрийн байдлаар тус компанийн үнэт цаасыг 2089 төгрөгөөр арилжсан нь гурван жилд 89.5 хувиар өссөн дүн болов. Түүнчлэн энэ он гарснаас хойш ХААН-ы зах зээлийн үнэлгээ хөрөнгийн бирж дэх компаниуд дунд өндөр буюу 76.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, дөрвөн их наяд төгрөгөөс давлаа. Одоогоор тус банкны хувьцааны 40.99 хувийг Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эйч эс холдингс” (хуучин нэр нь Савада холдингс) эзэмшиж буй бол, 22.78 хувийг “Таван богд холдингс”, 13.22 хувийг нь иргэн Д.Хулан, 8.78 хувийг “Эйч эс интернэйшнл лимитед” компани эзэмшиж байгааг Монголын хөрөнгийн биржийн тайланд дуржээ. Ингэснээр тус банкны үнэт цаасны 14.23 хувь нь олон нийтэд байх нь. Үүнээс 4.23 хувийг нь ажилтны хувьцааны хөтөлбөр болон бүртгэлийн бусад өөрчлөлтөөс сүүлд нэмсэн бол олон нийтэд 10 орчим хувь нь л байгаа хэрэг. Энд дурдаж буй гол хувьцаа эзэмшигчид нь нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэхэд ч болно. Өөрөөр хэлбэл, толгой болон охин компани, томоохон хувьцаа эзэмшигчийн хамаарал бүхий хүн гэж ойлгож болох аж.
“Худалдаа хөгжлийн банк”-ны нэгж хувьцааг өчигдөр 12 480 төгрөгөөр арилжжээ. 2023 оны тавдугаар сард тус банк нийт үнэт цаасныхаа таван хувийг олон нийтэд санал болгон 83.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Зах зээлийнх нь үнэлгээ өнгөрсөн долоо хоногийн байдлаар 630 тэрбум төгрөгөөс давсан бөгөөд хувьцааны ханшийн хэлбэлзэл нь үнэлгээг бууруулж, эсвэл нэмж байдаг. Тус банкны хувьцааны 60.8 хувийг “Билэг&Ко”, 29.69 хувийг “Ти ди би капитал” компани эзэмшдэг. Харин олон нийтийн оролцоо 9.51 хувьтай. IPO гаргах үед нэгж хувьцааных нь ханш 33 000 төгрөг байсан нь сүүлийн гурван жилд ханш нь бараг гурав дахин унасан үзүүлэлт боллоо.
Монголын хөрөнгийн биржээр “Голомт” банкны хувьцааг өчигдөр 1311 төгрөгөөр арилжив. IPO хийх үед нэгж хувьцаа нь 1285 төгрөгийн ханштай байсан бөгөөд гурван жилд ханш нь 26 төгрөгөөр л өсжээ. Нийт хөрөнгийнхөө 10.09 хувийг олон нийтэд санал болгосон бөгөөд зах зээлийнх нь үнэлгээ аравдугаар сарын дундуур 1.04 их наяд төгрөг болсон аж. “Голомт”-ын нийт хувьцааны 85 орчим хувийг “Голомт файнэншил групп”, “Swiss-мo investment ltd” компани эзэмшдэг. Иргэдэд 11.6 хувь нь ногддог.
“Хас” банкны хувьцааны хаалтын ханш өчигдөр 1618 төгрөг байв. Энэ нь IPO гаргаж байсан 677 төгрөгийн ханшаас ойролцоогоор 58 хувиар нэмэгдсэн дүн. Хувьцааных нь 91.8 хувийг тус бүрдээ 6-19 хувийн эзэмшилтэй долоон компани “мэддэг”. Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн одоогийн 12 гишүүний талаас илүү хувь нь гадаадын иргэн бол “Монголын алт” (МАК) компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Н.Цэлмүүн ч багтдаг юм байна. “Хас”-ын зах зээлийн үнэлгээ энэ сарын эхний хагаст 1.7 их наяд төгрөгт хүрчээ.
“Төрийн банк”-ны хувьцааны ханш анх 590 төгрөг байсан бол өчигдрийн байдлаар нэг бүрийг нь 587.84 төгрөгөөр борлуулжээ. Тус банкны хувьцааны 49.27 хувь нь Сангийн яаманд, 45.03 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацын мэдэлд байдаг. Үлдсэн нь буюу 5.7 хувь нь иргэд, зарим аж ахуйн нэгжид ногддог гэсэн үг. Тус банкны зах зээлийн үнэлгээ уржигдрын байдлаар 442.9 тэрбум төгрөг байв.
ХУВЬЦААНЫХАА 20-ИОС ИХГҮЙ ХУВИЙГ ЭЗЭМШИХ ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙНА
Системийн нөлөө бүхий банкнууд хувьцаагаа олон нийтэд санал болгосноор засаглалаа сайжруулах, хөрөнгө оруулалтаа өсгөх, олон нийтийн хөрөнгө оруулалтын болон санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд тус болсон уу гэвэл тийм. Таван банк нийлээд цөөн тооны хувьцаа эзэмшигчтэй, хөрөнгийн хэт төвлөрөл үүсгэсэн байсныг бага боловч хэмжээгээр задалж, өдгөө нийт хувьцаа эзэмшигчийнх нь тоо 73 000-аас давжээ. Харин банкны салбарт реформ хийгдсэн, засаглал сайжирсан, хөрөнгө оруулалт өссөн гэж шууд хэлэх боломжгүй. Бас Банкны тухай хуулийн 36.1-д Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй гэж заасантай нийцэхгүй байна. Эл шаардлагыг биелүүлсэн, эсэхийг Төрийнхөөс бусад банкны мэдээллээс тодорхой харах боломж алга. Тухайлбал, ХААН, Худалдаа хөгжил болон “Голомт” банкны гол эзэмшигч нь 20-иос дээш хувийн хувьцаатай хэвээр. Төрийн банкны хувьд Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпорац гэсэн хоёр л “эзэнтэй”.
Дээрх хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангуулж буйг нь Монголбанкнаас тодрууллаа. Тус банкны мэргэжилтэн “УИХ-аас 2026 оны долоодугаар сард баталсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуультай дагалдуулсан Банкны тухай хуульд тусгасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд буюу гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг банк Монгол Улсад охин компани хэлбэрээр банк байгуулах тохиолдолд Банкны тухай хуулийн 36.1 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшлийн 20 хувийн хязгаарлалт хамаарахгүй байхаар тусгасан. Үүнтэй холбоотойгоор тус зохицуулалтыг Төвбанкны холбогдох журамд оруулж, мөрдүүлснээр гадаадын банк Монголд үйл ажиллагаа явуулах боломжийг нээх, дотоодын санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх давуу талтай гэж тооцож буй” гэв. Тэгвэл Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-ноос банкнууд хувьцаа нэмж гаргах, хөрөнгийн төвлөрлийг сааруулж, олон нийтийн оролцоог өсгөхөд цаашид ямар арга хэмжээ авбал зохилтойг дараах байдлаар илэрхийллээ. Стратеги болон засаглалын хувьд бэхжихийн тулд банкнууд хувьцаа нэмж гаргах зайлшгүй шаардлага бий аж. Төлбөрийн чадвар, санхүүжилтийн өсөлтөөс нь харахад банкнууд өндөр ашигтай ажиллаж байгаа боловч эдийн засгийн өсөлтийг дагаж зээлийн багцаа нэмэх, технологио шинэчлэх зэрэгт тогтмол хөрөнгө шаарддаг аж. Ийм хөрөнгийг төвлөрүүлж, үйл ажиллагаагаа сайжруулах нэг гарц нь нэмэлт хувьцаа гаргах явдал гэнэ. Олон нийтэд санал болгох хувьцааг нэмэгдүүлснээр банкны санхүүгийн чадавхийг улам бэхжүүлж, улмаар урт хугацаанд, тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаас иргэд банкнууд дахь төвлөрлийг сааруулж, ашгаас нь ногдол ашиг хүртэх сонирхол маш өндөр. Жижиг хөрөнгө оруулагчдад найдвартай, өгөөжтэй хэрэгсэл санал болгох нь хөрөнгийн зах зээлийн идэвхийг дэмжин, хөрөнгө оруулалтын бодит хэмжээг өсгөдөг аж. Мөн дээр дурдсанчлан 2021 оноос мөрдүүлсэн Банкны тухай хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд үүсгэн байгуулагчид нь болон одоогийн томоохон хувьцаа эзэмшигчид нь түүнийгээ зарах маягаар оролцох учиртайг МҮЦАЭХ-ноос онцоллоо.
НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАХАД БЭЛЭН МӨНГӨНИЙ ХОМСДОЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ
Үүнээс гадна олон нийтийн оролцоо 25-30 хувьтай буюу банкны нийт хувьцааны ийм хувийг олон нийт эзэмшиж байж хөрөнгийн төвлөрөл саарч, иргэдэд ашигтай болохыг мэргэжилтнүүд онцолсон. Үүнийг Монголын хөрөнгийн биржийн I ангиллын шалгуурт ч тусган, компанийн нийт хувьцааны 25-аас доошгүй хувийг олон нийтэд санал болгосон компани тус ангилалд багтана гэжээ. Иргэдийн хувьд банкнаас хэдий хэр их хувьцаа эзэмшинэ төдий чинээгээр зах зээл дэх арилжааны хөрвөх чадвар сайжирч, жижиг хувьцаа эзэмшигчид нэгдэн ТУЗ-д төлөөллөө оролцуулах, хараат бус гишүүн томилж банкны санхүү, үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэх аж.
Үүнээс гадна банкнууд болон бусад төрийн өмчит компаниуд нэмэлт хувьцаа гаргахад хөрөнгийн зах зээлийн орчин бэлэн үү гэсэн асуулт гарч ирнэ. Энэ талаар МХБ-ээс сүүлийн жилүүдэд тус бирж цахим платформоо тасралтгүй шинэчилж, бодит цагийн горимд арилжааг саадгүй явуулах боломж бүрдүүлснийг мэдээллээ. Гэхдээ технологийн болон зохицуулалтын дэд бүтэц бий боловч зах зээлийн багтаамж, хөрвөх чадварын талд сорилтууд байгааг үгүйсгэсэнгүй. Тодруулбал, санхүүгийн зах зээлийн хувьд арилжааны банкнуудын үнэлгээ маш өндөр тул нэмэлт хувьцаа гаргахад шууд шингээн хөрвүүлэх бэлэн мөнгө хомсдох эрсдэлтэй юм байна. Хөрөнгийн биржийн I ангиллын нийт арилжааны тал хувь нь зөвхөн банкнуудын хувьцаа бүрдүүлж буйгаас үүнийг харж болох аж. Тиймээс зах зээлийг хэт ачаалуулахгүй, эрсдэлгүй, тогтвортой арилжааг эхлүүлэхийн тулд хувьцаа нэмж гаргах үйл явцыг үе шаттай, дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах замаар хийх хэрэгтэй байх нь. Эцэст нь тэмдэглэхэд, Худалдаа хөгжлийг 1990 онд төрийн өмчит, Монголын анхны арилжааны банк хэлбэрээр байгуулж байв. ХААН-ы хувьд 1991 онд Хөдөө аж ахуйн банк нэрээр мөн л Засгийн газар үүсгэн байгуулсан. “Хас” банкийг ч 1999 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр байгуулсан “Хөгжлийн алтан сан”-гийн үндсэн дээр, дэд бүтэц, хөрөнгийг нь ашиглах замаар бий болсон гэдэг. Тиймээс эдгээр болон Төрийн банканд иргэд хувь эзэмшлээ өсгөх, олон нийтийн оролцоог сайжруулах талаар яриад байдаг хэрэг. Ташрамд дурдахад, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрынхан банкнууд нэмэлт хувьцаа гаргах, төрийн өмчит компаниудын IPO-г эхлүүлэх зэрэг асуудалд одоогоор хариулт өгөх боломжгүйг дурдлаа.
С.Дулам