Нийслэлийн ЗДТГ-аас “Шинэ тойрог авто зам” хэмээх төслийн тендерийг энэ сарын 10-нд зарлажээ. Гэхдээ энэ нь зам барих бус, төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөв боловсруулагч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер юм байна. Үүнд зарцуулах мөнгө нь 16.9 тэрбум төгрөг аж. Санхүүжилтийг нь улсын төсвөөс гаргахаар төлөвлөжээ. Аливаа ажил хийх нэрээр зураг төсөл, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээ зэрэг “цаас”-нд татвар төлөгчдийн мөнгийг дураараа цацдаг жишиг ийнхүү үргэлжилж байна. Хэрэгжүүлэх, цаашлаад хэрэгжүүллээ ч үр дүнд хүрэх, эсэх нь тодорхойгүй төслийн бичиг баримтыг энэ хэмжээний мөнгөөр “үйлдвэрлэнэ” гэсэн үг. Нөгөөтээгүүр, энэ төсөл нь хотын захын бус, төвийн хэсгийг л тордоход чиглэж, хүртээмжтэй хөгжлийг орхигдуулсан нэг жишээ болох нь.
Гэтэл нийслэлийн ЗДТГ-аас “13 км урт үргэлжлэх шинэ тойрог зам нь 4-6 эгнээтэй байх бөгөөд “Complete street” буюу явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогц гудамж болох юм. Шинэ тойрог зам барьснаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тодруулбал, Их Монголын гудамжны замын нэвтрүүлэх чадвар 10, Баянбүрдийн тойргийнх 14, Зүүн дөрвөн замынх 23, Баруун дөрвөн замынх 21 хувиар нэмэгдэнэ” гэсэн мэдээллийг олон нийтэд өгчээ. Тэд ТЭЗҮ, зураг төсөл ч үгүй, тэдгээрийгээ одоо л хийлгэх гэж буй атлаа замын түгжрэлийг бууруулах тооцооллоо хэрхэн гаргасан нь тодорхойгүй байна.
М.ОЧ