“Улаанбаатар” өвлийн явган алхалтын фестиваль ирэх сарын 15-16-нд болох нь. Уг үйл ажиллагааг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо хамтран зохион байгуулж буй аж. Эл фестивалийн хүрээнд үндсэн хоёр маршрут боловсруулжээ. Жишээлбэл, 15-нд Олон улсын хүүхдийн найрамдал төвөөс “Жавхлан” өртөө хүртэл алхана. Энэ өдөр мөсөн шагайн харваа, урлагийн тоглолт, контент бүтээх, сонирхолтой тэмцээн, уралдаан оролцогчдын дунд болох гэнэ. Харин маргааш нь оролцогчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Скай ресорт” хүрнэ гэв. Энэхүү фестиваль нь бүх хүнд нээлттэй бөгөөд 16 хүртэлх насныхан асран хамгаалагчтайгаа оролцох аж. Алхалтын зай нь өдөрт дунджаар 10 км байна.
Улаанбаатар хот орчмын байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх, соёл, өв уламжлалаа сурталчлан таниулах, нийслэлийн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд ийм арга хэмжээ зохион байгуулж буй гэсэн. Түүнчлэн алхалтад хамрагдах буюу хоёр өдөр оролцоход 105 000 төгрөг төлнө. Энэ дүнд автобусны үйлчилгээ, өдрийн хоол урлаг соёлын хөтөлбөрүүд, уралдаан, тэмцээн, эмчийн үйлчилгээ зэрэгтэй холбоотой зардал багтжээ.
А.Үүл