Улаанбаатар хотын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 46 байршилд халиа, тошин үүссэнийг Геодез, усны барилга, байгууламжийн газрынхан мэдээлэв. Тус байгууллагын инженер, техникийн ажилтнууд газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч буй гэнэ. “46 байршлын нөхцөл байдлыг өдөр тутам эрэмбэлж байгаа. Ингэснээр нэн шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байршлуудад мөс зөөх, суваг гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж буй. Ялангуяа хавар дулаарангуут шар усны үерт өртөх эрсдэлтэй газруудад илүүтэй анхаарч, тогтмол арга хэмжээ авч байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо буюу Дэнжийн мянгад байрладаг, үерийн нэгдүгээр суваг эрсдэлтэй байна. Эл үерийн далан болон авто замын гүүрэн гаргалгаанд суваг татах, ухаж авсан мөсөөрөө хоёр талд нь далан үүсгэх, мөсийг зөөж цэвэрлэж байгаа” гэж дээрх газрын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж хэлэв.
Холбогдох мэргэжлийн байгууллагынхан нь ийнхүү халиа, тошингоос сэргийлэх арга хэмжээ авч буй ч энэ нь байгаль орчинд, ялангуяа усны нөөцөд сөрөг нөлөөтэй талаар Усны газрын дарга З.Батбаяр цахим орчинд бичжээ. Тэрбээр “Хоёрдугаар сарын 2 бол Дэлхийн ус намгархаг газруудын өдөр. Халиа, тошин үүсээд байна гэдэг нь ус намгархаг газраа зохих ёсоор хамгаалаагүй гэсэн үг. Тухайн газарт барьсан байшин барилга нь бидний амьдрал, усны нөөцөд аюул учруулаад байгаа хэрэг” хэмээжээ.
М.Оч