Нийслэлд “Шинэ тойрог авто зам”, “Шинэ Их тойруу”, “Туулын хурдны зам” гэсэн авто замын гурван томоохон төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг албаныхан гаргаад буй билээ. Эхний хоёр төсөл нь өдгөө ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах шатандаа яваа. Харин “Туулын хурдны зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулахаар тендер зарлаад байгаа юм. Тухайлбал, “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулаад буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тендерт Монгол, БНХАУ-ын дөрвөн аж ахуйн нэгж, байгууллага оролцсоноос Хятадын “CSCEC AECOM consultant” компани шалгарч, холбогдох албаныхантай гэрээ байгуулсан юм. Уг төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлыг 16 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ.
“Шинэ Их тойруу” хурдны замын төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах тендерт мөн л БНХАУ-ын компани шалгарчээ. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд зарласан тендерт Монгол, БНХАУ, ОХУ-ын гурван аж ахуйн нэгж, байгууллага оролцсон. Тэдгээрээс Хятадын “Guangdong communication planning & design institute group” гэх компанийнхан дээрх ажлыг гүйцэтгэхээр болжээ. Тус компанийнхан “Шинэ Их тойруу” хурдны зам төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг 14 орчим тэрбум төгрөгөөр гүйцэтгэх санал гаргасан аж. Уг компанитай гэрээ байгуулахаар ажиллаж буйгаа нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээлсэн. Энэхүү төслийн хүрээнд Тэрэлж, Налайх, Зуунмод, Хөшигийн хөндий, Эмээлт, Рашаантыг холбосон хурдны зам барихаар төлөвлөсөн гэнэ.
“Туулын хурдны зам” төслийн нийт төсөвт өртөг нь 1.9 их наяд төгрөг. Үүнээс энэ онд 538.6 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргахаар болсон. Туулын хурдны зам нь Улиастайгаас Дархан-Уул, Эмээлтийн замын уулзвар хүртэл 32 орчим км-ийн урттай, зургаан эгнээтэй, 100 км/цаг хурдлах боломжтой байх гэнэ. Эл замын бүтээн байгуулалтыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн талаар нийслэлийн холбогдох албаныхан мэдээлж байв. Тендерийг энэ сарын 24-ний 09.30 цагт нээнэ.
Ч.Зул