2022 оны Эм хангамж үйлдвэрлэлийн салбарын шилдэг инновац шингэсэн бүтээгдэхүүнээр Дармон эм шалгарсан билээ. “Монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулна” уриатай “Монос” эмийн үйлдвэрийн зохион бүтээсэн Дармон эмийн талаар академич Ш.Болдтой ярилцлаа.
-Ханиад томууны оргил үед эрэлт ихтэй байгаа “Дармон” эмийн талаар ярилцлагаа эхлэх үү?
-Дармон бол худалдааны нэр нь. Уг нэрийн утгыг тайлбал Дарву-5 гэсэн уламжлалт эм юм. Өөрөөр хэлбэл, дарву бол төвөд үг, чацаргана гэж орчуулагдана. Тиймээс Дарву-5 нь Чацаргана-5 гэсэн үг болно. Мон гэдэг нь “Монос”-ын Мон байх аа. Дарву-5, Дарву ханд гээд уушгины өвчин, дагшуурын эсрэг олон сайн эмийн найрлагад чацаргана голлож орсон байдаг. Гэхдээ нэг зүйлийг онцлон хэлэхэд чацаргана дан ганц ханиадны найрлагад ордоггүй. Чацаргана- 11, 17, 19 гээд эмэгтэйчүүдийн өвчин, бөөр, ходоод, элгэнд цус бүрэлдсэн, цусан бэтэг өвчинд хэрэглэдэг эмүүд бас байдаг. Дарву-5 буюу Дармон бол уламжлалт анагаах ухааны онолоор уушгины хуучирсан халуун, нуугдсан халуун, хямарсан халуун, цэр үл ховхрох, уушги өгөрлөсөн, архаг ханиад, хөхүүлж ханиахад өгдөг жор юм.
-Дармон эмийг судлахад таныг бас нөлөөлсөн гэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Монос групп”-ийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар гуай дурдсан байсан?
-Миний нөлөөлөх ч юу байх билээ. Хэдэн жилийн өмнөөс архаг ханиад, хөхүүл ханиаданд Дарву-5, ханиадны эхний үе буюу эс боловсорсон үед Норов-7, Мана-4 тан их сайн үйлчилгээтэй болох тухай эрдмийн зөвлөлийн хуралд оролцож саналаа хэлж байсан. Хэлсэн санаа бодлыг минь хүлээн авч, судалж, хэрэгжүүлсэн нь олзуурхууштай. Ер нь Дорно дахины анагаах ухааны онол, практикийн хөгжилд монгол маарамбуудын оруулсан хувь нэмэр асар их дээ. Үүний нэг л жишээ нь Дарву-5, Норов-7, Мана-4 тангийн хэрэглээ, түүний тус эрдмийн онолын хөгжлийн асуудал юм.
-Уламжлалт анагаах ухаанд өгөр гэж юуг хэлээд байна вэ. Энэ өвчний үед Дармон эмийг өгч болох уу?
-Ер нь өгөр гэдэг нь анагаах ухаанд идээ бээр гэсэн үг. Өөр утга ч бий. Уушги өгөрлөсөн үед идээтэй цэр их гардаг. Дармоныг ууснаар цэр ховхолно, уушгины өгөрийг хатаана. Түүнчлэн орчин цагийн анагаах ухааны өвчний ангиллаар архаг ханиад, хөхүүл ханиад цаашлаад мэнгэрт хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, архаг ханиаданд, уушгины архагт өгдөг эм бол Дарву-5 эм юм. Хүн тамхинаас гарсны дараа өтгөн идээрхүү цэр их гарлаа гэдэг. Архаг тамхичин хүн цэр гараад эвгүй болоод байна гээд буцаад тамхиа татчихдаг. Энэ үед нь эмч нар уламжлалт эм тэр тусмаа Дармон эмийг бичиж өгөх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Буцалсан бүлээн усаар даруулаад уухад ямар ч асуудалгүй. Учир нь Дармон бол талх эм, тан биш юм. Уламжлалт анагаах ухаан дахь өвчин хувирах ёс талаас нь авч үзвэл ханиадны үед сэрүүн чанартай эм уугаад сэрүүдүүлчихдэг. Өөрөөр хэлбэл, дөнгөж ханиад хүрсний дараа эс боловсорсон халууны үед нь сэрүүн ерөндөг харьцангуй удаан өгөхөөр сэрүүдчихээд халуурахгүй хэрнээ ханиалга нь намдахгүй байсаар архаг ханиад болчихдог. Яг ийм ханиадны үед бүлээн чанартай эм өгөхгүй бол болохгүй. Үүний нэг гол сонгодог жишээ нь Дармон буюу Дарву-5 талх эм юм. Тиймээс Дармон нь архаг, хуучирсан ханиаданд мөн цэр ховхрохгүй, өгөр идээтэй үед, мэнгэрт үнэхээр сайн.
-Өвлийн энэ их утаа, агаарын бохирдлоос сэргийлж Дармон ууж болох уу?
-Агаарын бохирдлын үед Дарву-5 эм буюу Дармон ууж, сэргийлж болох эсэх тухай нарийн хийсэн судалгааны үр дүн байхгүй. Агаарын бохирдол, утаа тоосноос болоод уушгинд гэм сууснаас үүдэн ханиагаад байгаа үед Дарву-5 уухад болохгүй юм байхгүй. Гэхдээ энэ нь голдуу хуучирсан буюу архаг ханиаданд илүү тохирно. Дарву-5 эмийг хэрэглэдэг хүмүүс Дармон-ыг ямар аятайхан юм, хэрэглэхэд маш хялбар, үйлчилгээ нь сайн болсон байна гэж хэлж байгаа. Хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа хэрнээ олны хүртээл болж чаджээ. “Монос”-ынхон Дармон-д сурталчилгаа, маркетинг бараг хийгээгүй гэсэн. Хэдэн сар эдгээгүй ханиад Дармон-д дарагдчихлаа, хөхүүл ханиаданд үнэхээр сайн юм гэж бие биедээ дамжуулаад тэр хэрээрээ энэ эм өөрөө эрэлтээ үүсгэсэн бололтой.
-КОВИД-19-ийн үед Дарву-5 эм, Норов-7 танг хүмүүс их хэрэглэсэн. Энэ хоёр эмийн үйлдэл адилхан уу?
-Норов-7 танг халууны язгуурт сайшаасан тул, халуун дөнгөж эхэлж байгаа үед ууна. Сүмбэ хамба Ишбалжирын “Рашааны цагаан шүүдэр”-т “Эс боловсорсон халуун нь бусдын үндэст халуун учир урьдаар боловсруулж замд нь оруулна. Тав, долоо дахь хоног дээр гарах боловсорсны шинж нь жихүүцэхээ болих, хэлний өнгөр цайвар байснаасаа шарлаж хийн гүвдрүү нь үгүй болно. Энэ үед ерөндгийн эмийг өгнө” хэмээжээ. Энэхүү ерөндөг нь эхлээд буцалсан ус уулгаж, Мана-4-ийн тан, Норов-7-гийн тан өгнө гэсэн утгатай юм.
Мөн Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн бичсэн “Увдист рашааны дусал” сударт “Эхлээд бадганы хувь их бөгөөс Мана-4-ийн тан, шарын хувь их бөгөөс Норов-7-гийн тангийн аль зохистойг хэдэнтээ өгвөөс боловсормой” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Үүнд онолын айхтар санаа байгаа юм. Норов-7 тан нь халууныг боловсруулах, хураах, нядлах үйлийг нэгэн зэрэг үзүүлдэг чадал төгс найрлага. Чухамдаа Норов-7-гийн тан гэдэг нь Мана-4-ийн тан болон 3 үрийн тангийн нийлмэл жор болно.
Харин халуун нь өнгөрөөд архагшчихсаны дараа Дарву-5 талх эмийг өгч болно. Ер нь өвчний шинж тэмдэг, үе шатаас хамаарна. Судсанд ямар шинж гарч байгааг эмч оношлоод дөнгөж эхэлж байгаа ханиаданд Норов-7, архагшсан буюу хуучирсан бол Дарву-5 уулгана.
Норов-7 танг буцалгаад ширгээж халуунаар нь уух ёстой. Уламжлалт эм бэлдмэлийг хэрэглэгчдэд зориулаад аль болох амар хялбар аргаар ууж хэрэглэх орчин үеийн эм бэлдмэлийн стандартад нийцүүлэхээр маш олон судалгаа хийсээр байгаагийн нэг нь мөн л Норов-7 буюу Нормон юм. Тодруулж хэлэхэд Уламжлалт анагаах ухаанд олон төрлийн эм байдаг ч тан эм, талх эм, үрэл, үнсэн эм, ханд эм, архин эм гээд 10 хэлбэр бий.
Үүнээс хамгийн өргөн хэрэглэдэг хэлбэр нь тан, талх, үрэл юм. Тан эмийг буцалгаж хэрэглэдэг. Түүнийг нь мөхлөг хэлбэрт оруулсан нь Нормон юм. Тэгэхээр Дармон эм архаг ханиад, Нормон эм нь дөнгөж эхэлж байгаа ханиаданд хэрэглэнэ гэсэн үг дээ.
Ю.Жаргал