Нийслэлийн хамгийн урт, нийтийн тээврийн Таван шар-Офицеруудын ордон чиглэлийг богино эргэлттэй болгожээ. Төв зам дагуух энэхүү М:1 чиглэлд зорчигч олонтой, тэр дундаа өглөө, оройд хүнээ багтааж хүчирдэггүй. Автобуснууд нь алсын зайнд эргэдгээс иргэд 1-2 цаг хүлээх нь энүүхэнд. Харин энэ сарын 1-нээс шугамын автобуснуудыг Таван шар, Офицеруудын ордон талаас богино эргүүлэхээр өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, М:1A Таван шар-“Мөнгөн завьяа”, М:1Б Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон чиглэлийг нэмснээр иргэд автобус удаан хүлээхээргүй болжээ. М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобуснууд ч иргэдэд урьдын адил хэвийн үйлчилнэ гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн. Мөн дээрх чиглэлийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэв.
О.Оргилох