Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн барилга угсралтын ажлыг өчигдрөөс эхлүүлсэн талаар нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Яармаг-“Хархорин” чиглэлд дүүжин замын тээврийн үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Дүүжин тээврийн зам нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой байх аж. Мөн 7.5-42 метрийн өндөр 19 тулгуур баганатай байх нь.
Дээрх төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа “Өнөөдөр (өчигдөр)-өөс эхлэн дүүжин замын тээврийн төслийн тулгуур багана суурилуулах ажил эхэлж байна. Нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургааг нь усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэллээ. Баганыг байрлуулж дууссаны дараа металл хийцийн ажлуудыг гүйцэтгэх юм. Төслийн барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөсөн. Үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна” гэв.
Энэ ажлын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Моннис инженеринг” компанийн барилга угсралтын менежер Ж.Анхбаяр “Барилга угсралтын хувьд төмөр бетон гадсан суурь, баганан суурь зэрэг хийцлэлтэй. Тулгууруудыг нь Франц улсаас тавдугаар сар гэхэд тээвэрлэж дуусна. Өрөмдлөгийг нь 15-20 метр гүнд хийж, 6-9 метр бетон суурь цутгах юм. Мөн хоёр талын зогсоолын барилгын ажил хийх бөгөөд бүхээг хадгалах хоёр давхар барилга барихаар төлөвлөсөн. Аюулгүй ажиллагааны хүрээнд нийслэлийн Аврах анги болон Францын талтай туршлага хуваалцаж, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл авч байгаа” хэмээлээ.
Дүүжин тээврийг ашиглалтад оруулснаар оргил ачааллын үед 22 км/цагийн хурдтайгаар 11 минутад 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байна гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Уг тээвэр тус бүр нь 10 хүний багтаамжтай нийт 98 бүхээгтэй байх гэнэ.
Ч.Мөнх