Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, зөрчлийг арилгуулах ажлыг эхлүүлснээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр мэдээлэв. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эл ажлыг есөн дүүргийн нутаг дэвсгэрт ирэх тавдугаар сарын 10 хүртэл хэрэгжүүлэх гэнэ. Үүний хүрээнд нийслэлийн холбогдох 10 гаруй мэргэжлийн байгууллагынхан хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тогтмол хяналт тавьж, хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах гэнэ. Ялангуяа тээврийн хэрэгсэл, явган зорчигчдод саадгүй зорчих нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, хашаа хайсыг нь албадан буулгах, газрыг чөлөөлөх аж. Мөн зөвшөөрөлгүй болон хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм зөрчиж барьсан барилга, байгууламжийг албадан буулгах нь. Тэрчлэн зөрчилтэй, стандартад нийцүүлээгүй хаягийн байгууламж, гэрэлтүүлэг, техник хэрэгслийг хураах замаар зам, талбайг чөлөөлж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын гаднах орчныг хотын стандартад нийцүүлэх гэнэ.
М.Оч