Йорданы Амман хотод зохион байгуулсан сонирхогчийн боксын өсвөр үеийн 15, 17 хүртэлх насныхны Азийн АШТ-д Монголын тамирчид дасгалжуулагч Р.Жоланман, Ж.Баяр-Отгон нарын удирдлагад 18 орны 405 тамирчинтай (хөвгүүд 250, охид 155) өрсөлдсөн. Тэднээс эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны ангилалд “Ихэр бээлий” клубийн тамирчин, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч, өсвөр үе, залуучуудын УАШТ-ий хошой алтан медальт А.Алтанзул 46 кг-ын жинд аваргын төлөө Энэтхэгийн тамирчинтай тулалдаж, мөнгөн медаль хүрт¬лээ. Эрэгтэйчүүдээс 17 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Т.Даваажав 75 кг-д, 15 хүртэлх насныхнаас 40 кг-д Н.Ахмейтхан нар хүрэл медалийн эзэн болов. Тэгвэл дээрх тэмцээнийг дэнсэлсэн Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч, ОУХМ Б.Атарбаяр шилдэг шүүгчээр шалгарчээ. Тэрбээр өнгөрсөн жил Францад болсон олимпын наадмын боксын тэмцээнийг дэнсэлсэн юм. Үүнээс өмнө Сербийн Белград хотод 2022 онд болсон боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн ДАШТ-ий тоглолтыг шүүсэн билээ.