Ховд аймгийн төв Жаргалант сумын нутагт барьж байсан барилгын ачаа, хүн зөөдөг өргөгч унаснаас олон хүн амиа алджээ. Орон нутгийн фэйсбүүк группт “гурван хүн нас барж, найман ажилтан тус аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлж байна” хэмээсэн байв. Орон нутгийн эрүүл мэнд, хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Тавдугаар сарын 17-ны бямба гаргийн 16.50 цагт энэ осол гарсан. Хоёр хүн газар дээрээ нас барж, таван хүний бие маш хүнд эмнэлэгт эмчлүүлж эхэлсэн. Шаардлагатай эмчилгээг хийсэн боловч нэг бус хүн нэмж амиа алдлаа. Мөн дөрвөн хүн нуруу, нугас, хөл нь гэмтэн эмчлүүлж байна” гэсэн юм. Уг барилгыг Б.Мөнхсайхан гэх эзэнтэй, барилгын материалын худалдаа, засал чимэглэл, гадаад худалдаа, газар тариалангийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “ЧандманьУушир” компанийнхан барьж буй аж. Тавдугаар давхрынх нь цутгалт хийгдэж байсан уг барилгын өргөгч буюу подъёмын ган татлага тасарснаас түүгээр зорчиж байсан 11 хүн доош унасан юм байна. Албан бус эх сурвалжууд эл ослын улмаас нийт таван хүн нас барсныг дугаар шилжих мөчид бидэнд мэдээлэв.