ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх, Архангай аймгийн Засаг дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан, одоо тус аймаг дахь Политехник коллежийн захирлын албан тушаал хашдаг Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Т.Батсүх эрх мэдлээ урвуулан төслийн болон тендерийн их хэмжээний мөнгийг завшиж төрд хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Мөн Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Мөнхнасантай зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан.
Тэгвэл Ц.Мөнхнасан Засаг даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяртай хамтран 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргасан. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлэн, Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан хэрэгт буруутгасан билээ.
НПГ-аас Ц.Мөнхнасан, Б.Өсөхбаяр нарт Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Уг хэргийг дээрх шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр, Т.Алтантуяа, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүн тавдугаар сарын 27-нд хэлэлцэж албан тушаалаа урвуулан ашигласан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон юм. Энэ үед Ц.Мөнхнасангийн болон Т.Батсүхийн өмгөөлөгч нар хохирол төлбөрөө төлөх хүсэлт гаргаснаар өчигдрийн 10.00 цаг болтол хурлыг завсарлуулсан. Улмаар Ц.Мөнхнасан улсад учруулсан хохиролд 30.3 сая төгрөгөө Архангай аймгийн ЗДТГ-т тушааж, баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Харин ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх хохирлоо төлөхөө илэрхийлж, прокурорын тогтоо¬лоор битүүмжлээд буй таван хөрөнгөөс хоёрыг нь үнэлүүлэхэд 984.4 сая төгрөгөөр тогтоогдсон баримт өгсөн юм. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Б.Өсөхбаяр, Ц.Мөнхнасан нарыг улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэм буруутайд тооцсон. Ингээд Архангай аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Өсөхбаярт 20 сая төгрөгөөр торгох ял оноож, төрд ажиллах эрхийг таван жил хасахаар болов. Ц.Мөнхнасан, Т.Батсүх нарын бие биедээ хөнгөн хохирол учруулсан хэргийг 2021 онд УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэрэгсэхгүй болгосон юм.
Улмаар Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасанд 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жил хаслаа. Харин Т.Батсүхийн нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 19.2 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Битүүмжилсэн хөрөнгүүдээс “Ланд круйзер-100”, “Ланд круйзер-150” автомашиныг хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр боллоо.