Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд зургаадугаар сарын 22-ны 18.45-19.50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж, айл өрхүүд усанд автжээ. Үерийн талаарх дуудлагыг тухайн өдрийн 19.20 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Онцгой байдлын ерөнхий газрынхны мэдээлснээр Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Харзат багийн нутагт үер бууж, 13 айлын гэр, есөн хашаа, нэг аж ахуйн нэгжийн барилга усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид үерийн усны урсгалыг өөрчлөх зорилгоор 25 метр шуудуу татан, хамгаалалтын даланг нээх арга хэмжээг яаралтай авсан байна. Энэ үеэр хүний амь, эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд гамшгийн дараах сэргээн босголтын ажил үргэлжилж байгаа аж. Мөн олон нийтийн сүлжээнд тус аймгийн Цогт сумын төвд үер буусан бичлэг нийтэлсэн ч онцгой байдлын байгууллагад энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байв. Ойрын өдрүүд буюу өнөөдөр, маргааш ихэнх нутгаар 30 градусаас дээш халж, говийн бүс нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аюул, эрсдэлээс урьд¬ чилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
С.Жаргал