Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас үерийн эрсдэлийн ерөнхий төлөвийг гаргажээ. Тус газрын Эрсдэлийн удирдлагын газраас хийсэн үнэлгээгээр 21 аймгаас Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд байна. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймаг дунд, Дорнод, Архангай бага эрсдэлтэй гарчээ. Тодруулбал, 21 аймгийн 330 сумаас 19 нь маш их, 30 нь их, 159 нь дунд, 94 нь бага, 28 нь маш бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Эрсдэл маш их болон их түвшинд байгаа 49 сумын 137 740 айл өрх үерт өртөх аюултайг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж буй аж. Үүний улмаас усны осолд өртөж, эрүүл мэнд, эд хөрөнгө цаашлаад амиараа хохирсон тохиолдол нэмэгдэж буй тул цаг уурын байгууллагын мэдээ, мэдээллийг сайтар авч, гэнэтийн аюул ослоос сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагынхан зөвлөлөө. Ташрамд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Дэлгэрмөрөн, Хангайннурууны арын Чулуут, өврийн Түй, Буянт, Хэнтийннурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см-ээр нэмэгдэж, Чулуут гол олон жилийн дунджийг 10 см давжээ. Мөн Бэлтэс, Ховд гол үерийн түвшнийг 10-20 см давсан хэвээр байна.
Ч.Цэлмэг